
Шатрын хаан титмийг өдгөө эзэмшиж буй тоглогч бол Норвегийн залуу их мастер Магнус Карлсен билээ. Түүний спортын гайхамшигтай замнал, хувийн амьдралынх нь тухай сонирхуулъя.
Тэрбээр 1990 оны арваннэгдүгээр сарын 30-нд Норвегийн Тёнсберг хотноо нефтийн компанид ажилладаг инженер мэргэжилтэй Хенрик Карлсены ганц хүү болон мэндэлжээ. Нэг эгч, хоёр охин дүүтэй Магнус хоёр настайдаа л машины маркийг ялгадаг, гуравтайдаа дэлхийн ихэнх орныг нийслэлтэй нь цээжээр мэддэг гоц авьяастай нэгэн болов. Улмаар аавынхаа нөлөөгөөр найман настайгаасаа шатраар хичээллэж эхэлжээ. Түүний эцэг Хенрик дотоодын тэмцээн уралдаанд оролцдог, чансаагаа 2100 хүргэж байсан муугүй нүүдэг нэгэн байлаа. Харин хүү өдөрт 3-4 цаг интернэтээр блиц нүүж, онол, практикийн холбогдолтой ном судлах болсны хүчинд жилийн дараа л аавыгаа хождог болж.
Хэдийгээр Норвегид шатрын чанартай дугуйлан, дасгалжуулагч байгаагүй ч түүний амжилт гэрлийн хурдаар өсч байсан болохоор эцэг эх нь хүүгийнхээ ирээдүйн төлөө байр, машинаа хүртэл зарж, жил тойрон тэмцээн уралдаанд оролцох зардлыг нь олж байсан удаатай.
Магнус ч гэр бүлийнхнийхээ итгэлийг алдсангүй ур чадвараа эрс дээшлүүлж, мэргэжилтнүүдийн зүгээс "Ирээдүйн дэлхийн аварга" хэмээх магтаалын үгийг сонсох болжээ.
2004 онд Карлсен 13 нас 148 хоногтойдоо их мастер цолны болзлыг биелүүлжээ. Энэ нь түүхэнд хоёрдугаарт бичигдэх амжилт юм. Улмаар 19 нас 1 сартайдаа дэлхийн чансааг тэргүүлж, бүхнийг гайхашруулав. Тэгвэл өнөөдөр Гарри Каспаровын 12 жилийн турш эвдэгдээгүй чансааны 2851 оноог давж, 2872-т хүргэсэн удаатай.
Сүүлийн жилүүдэд тогтмол өндөр амжилт гаргаж, 20 хүрээгүй насандаа №1 чансаанд хүрсэн түүнийг ирээдүйн аварга гэдэгт хэн ч эргэлзэхээ болив. "Deep Junior" программыг зохиогч Ш.Бушински "Компьютерийг хожихоор шатарчин төрчихсөн. Тэр бол Магнус Карлсен" гэж хэлж байжээ.
Тэрбээр 2009 оны есдүгээр сараас Каспаровтой бэлтгэл хийж эхэлснээр тоглолтын түвшин нь бүр ч дээшилсэн юм. Эхэндээ үүнийгээ нууцалж байсан ч хэдэн сарын дараа олон нийтэд зарлажээ.
2010 онд түүнд дэлхийн аваргатай халз тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд оролцох боломж тохиосон юм. Гэвч залуу од тэмцээний хуваарь, зохион байгуулалтыг шүүмжлээд тоглохоос татгалзжээ. Энэ бүхний дараа түүнийг “Оддын өвчин туслаа” хэмээн шүүмжлэх болов. Үнэхээр ч зар сурталчилгаанаас жилдээ 1 сая “ногоон”- ыг өлхөн олчихдог Карлсен тухайн үед найз бүсгүйтэй болж, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулаад шатраас бяцхан хөндийрсөн гэдэг.
Харин 2013 онд тэмцээний журам өөрчлөгдөхөд оролцохоор болсон юм. Дэлхийн аваргатай тоглох эрхийн төлөөх тэмцээнд Карлсен сүүлчийн өрөгтөө Оросын Свидлерт хожигдсноор Крамниктай ижил 8.5 оноо авсан. Гэвч тэмцээний дотоод журам ёсоор цэвэр хожлынхоо тоогоор дэлхийн аварга Виши Анандтай тоглох эрхийг авчээ. Ингээд 2013 оны арваннэгдүгээр сарын 7-28-ны хооронд Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн аваргын төлөөх халз тоглолтод Магнус Карлсен супер их мастер Анандыг нутагт нь 6.5:3.5 харьцаагаар буулган авч, анх удаагаа дэлхийн аварга болжээ. Харин жилийн дараа Ананд Ханты-Мансийскт явагдсан өрсөлдөгчдийн тэмцээнд түрүүлж, даагаа нэхэхээр болов. Шигшээ тоглолт Сочид болж скандинав залуу Виши Анандыг дахин хялбархан буулгаж авав (6.5:4.5). Үүнээс хоёр жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сард тэрбээр Оросын залуу их мастер Сергей Карякинтай тоглож, дэлхийн аварга цолыг гурав дахь удаагаа хүртжээ. Нэг сая еврогийн шагналын сантай, Нью-Йоркт болсон энэхүү дуэлийн найм дахь өрөгт Карякин хожиж, аваргыг барьц алдуулсан ч Карлсен чансаагаа харуулж, халз тулааны үндсэн 12 тавилд 6:6-аар тэнцэж чадсан юм. Улмаар тэрбээр тай-брейкт 3:1-ээр илүүрхсэн юм.
Түүнийг мэргэжилтнүүд универсаль тоглогч гэж үнэлдэг. Гарааг тийм ч сайн хийдэггүй хэрнээ дунд үе, төгсгөлд бараг алдаа гаргадаггүй. Голландын их мастер Люк Ван Вели "Хэн ч юу ч олж харахгүй байгаа байрлалаас Карлсен тоглож эхэлдэг нь түүний давуу тал" гэсэн бол ЗХУ, Испани, Латвийн нэрийн өмнөөс тоглож байсан Алексей Широв түүнийг шатрын түүхэнд Каспаровоос дутахгүй хувь нэмэр оруулна гэсэн юм. Мөн их мастер Евгений Бареев “Ихэнх өндөр түвшний шатарчид харилцан тэнцээ зөвшөөрдөг байрлалаас Карлсен хождог.
Тэрбээр гайхалтай техник эзэмшсэний зэрэгцээ нервээ барьж чаддаг онцгой авьяастай. Түүнийг бүх хувилбаруудыг алдалгүй тооцож чаддаг, шатрын машин гэлтэй” хэмээн өгүүлжээ. Харин их мастер Виктор Корчной Карлсеныг шатарчин гэхээсээ илүү ховсчин гэж боддогоо нуудаггүй. "Шатрын ертөнцөд ховсыг эзэмшсэн хүмүүс цөөнгүй. Тэд шатрын ухаан, арга тактикаар бус ховсоор амжилтад хүрдэг. Эдгээрээс хамгийн шилдэг ховсчид бол Михаил Таль, Магнус Карлсен, Энрике Мекинг" нар юм гэж дуртгал номондоо тэмдэглэсэн нь бий. Үнэхээр ч дэлхийн аваргын төлөөх халз тоглолтод Ананд нэг бус өрөгт давуу байдал авчихаад төгсгөлд гэнэн алдаа гаргаж байсныг Магнусын ховсдох авьяастай холбон тайлбарлагчид нэг бус бий.
Эцэст нь зарим сонирхолтой баримтаас дурдахад Карлсен 13 настайдаа түргэн тоглолтод Каспаровтой тэнцсэн байдаг. "Жаалхүү", "Викинг" зэрэг хочтой тэрбээр шатраас гадна хөлбөмбөг, цана, талбайн теннис, сагсан бөмбөг, комикс сонирхдог ажээ.
Шатрын дэлхийн аваргууд
1.Вилгельм Стейниц (Австри-Унгар, АНУ) 1886-94
2.Эмануэль Ласкер (Герман) 1894-1921
3.Хосе Рауль Капабланка (Куба) 1921-27
4.Александр Алёхин (Хаант Орос, Франц) 1927-35, 1937-46
5.Макс Эйве (Голланд) 1935-37
6.Михаил Ботвинник (ЗХУ) 1948-57, 1958-60, 1961-63
7.Василий Смыслов (ЗХУ) 1957-58
8.Михаил Таль (ЗХУ) 1960-61
9.Тигран Петросян (ЗХУ) 1963-69
10.Борис Спасский (ЗХУ) 1969-72
11.Роберт Фишер (АНУ) 1972-75
12.Анатолий Карпов (ЗХУ, ОХУ) 1975-85
13.Гарри Каспаров (ЗХУ, ОХУ) 1985-93
14.Владимир Крамник (ОХУ) 2006-07
15.Вишиванатан Ананд (Энэтхэг) 2007-13
16.Магнус Карлсен (Норвеги) 2013 оноос
Дэлхий дахин аль 1475 оноос шилдэг шатарчнаа тодруулж ирсэн түүхтэй ч Австри-Унгарын эзэнт гүрний шатарч Вилгельм Стейницийн түрүүлсэн 1886 оны ДАШТ-ийг анхны албан ёсны тэмцээн хэмээн үзэх болжээ. FIDE-тэй таарамж муутай Гарри Каспаров 1993 онд Мэргэжлийн шатрын холбоог байгуулж, 2000 он хүртэл өөрсдийн хувилбараар дэлхийн аваргыг тодруулж байв.
Олон улсын шатрын холбоо ч үүнийг зүгээр хараад суусангүй ДАШТ-ээ хэд хэдэн удаа нокаут системээр зохиоход Анатолий Карпов (ОХУ), Александр Халифман (ОХУ), Вишиванатан Ананд (Энэтхэг), Руслан Пономарёв (Украин), Рустам Касымжанов (Узбекистан), Веселин Топалов (Болгар) нар түрүүлсэн түүхтэй.
2006 онд хоёр холбоо нэгдэж, “Жинхэнэ дэлхийн аварга”-ыг тодруулах халз тоглолтыг Крамник-Топалов нарын хооронд зохиоход Оросын их мастер ялж, дэлхийн 14 дэх аваргаар тодорсон бөгөөд жилийн дараа тэрбээр титмээ Энээтхэгийн Виши Анандад алджээ.
Шатрын Моцарт | ||
Үзсэн: 1840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.