
Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Хурлаар цэцдийн зөвлөлийн нөхөн сонгууль, ээлжит VIII “Их эе”-ийн товыг зарлан тогтоох, “Их Эе”-ийн төлөөлөгч сонгох журам батлах, тэргүүлэгчдийг баталгаажуулах, чөлөөлөх болон тогтоолууд батлах зэрэг асуудлыг нийт гишүүний 80 хувийн ирцтэйгээр хэлэлцэн баталжээ.
Ийнхүү МҮБХ-ны эрх барих дээд байгууллага болох “Их эе”-ийн ээлжит хурлыг 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд зохион байгуулахаар товлолоо.
Түүнчлэн МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүдээс нас барсан болон гарсан 13 гишүүний оронд тус холбооны дүрмийн 7.12-т заасны дагуу дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын заан Ч.Гочоосүрэн, улсын харцага Г.Элбэг, улсын начин Х.Амараа, аймгийн арслан Н.Дашжамц, Б.Мэндсайхан, засуул Д.Цогзол, бөх тайлбарлагч Б.Цогтбаатар, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр нарыг 100 хувийн саналаар шинээр сонгов.
Мөн “Их эе”-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн баталж, тэргүүлэгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатарыг тэргүүлэгчээс хасах шийдвэр гаргалаа. Цэцдийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн эдгээр асуудлаар МҮБХ тогтоол гаргасан байна.





МҮБХ-ны “Их эе” 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд болно | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.