Шууд Chart

Өсвөрийн тамирчид хэсэгтээ гуравдугаар байрт оржээ

2017-06-29 11:17:11

Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын багийн тэмцээн өчигдөр Ираны Чехбехар хотын “Варна” спортын ордонд боллоо. 

Гурав дахь удаагийн тэмцээн Монгол, ОХУ, Гүрж, Итали, Киргизстан, Азербайжан, Унгар, Ирак, Тажикистан, Армен, Украин гэсэн 11 орноос гадна зохион байгуулагч орон Ираны тав, нийт 16 баг дөрвөн хэсэгт өрсөлдөв.

Долдугаар сарын 20-23-нд Тайландын нийслэл Бангкокт болох өсвөр үеийн Азийн АШТ-д хүч үзэх монголын хөвгүүд “С” хэсэгт эхний барилдаанаа Иран, дараа нь Гүржийн багтай хийж тус бүр 2:8-аар ялагдсан. Харин хэсгийн сүүлийн барилдаанаа Киргизстаны багтай хийж 6:4-өөр ялалт байгуулав.

Хэсгийг тэргүүлсэн багууд медалийн төлөө, удаалсан нь таваас наймдугаар байрын төлөө өрсөлдсөн юм. Тиймээс манайханд боломж гараагүй. Хэдийгээр манай хөвгүүд хэсгээсээ гарч чадаагүй ч анх удаа багаараа энэхүү нэр хүндтэй тэмцээнд хүч үзсэн нь томоохон туршлага болж өглөө.

“Ядегар Имамын цом”-ыг ОХУ-ын баг гардав. Орос хөвгүүд шигшээ барилдаанд Ираны Чехбехар хотын багтай 5:5-аар тэнцсэн ч барилдааны чанараар аварга болжээ. Гуравдугаар байрт Азербайжаны баг орсон. Тэд хүрэл медалийн төлөөх барилдаанд манай хөвгүүдийн хэсгийг тэргүүлсэн эзэн орны хөвгүүдийг 8:2-оор давамгайлсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн тамирчид хэсэгтээ гуравдугаар байрт оржээ  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй