Зургаадугаар сарын 30 буюу өчигдөр хүч тэнхээ нь барагдаж, нисэж чадахгүй байсан зургаан хунг Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээт Мэнэнгийн талд үйл ажиллагаа явуулдаг “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайн Байгаль орчин, Аюулгүй ажиллагааны мэргэжилтэн М.Чагнаадорж ажил үүргээ гүйцэтгэж явахдаа олж харсан байна.
Тэрбээр санаачлан энэ талбайд туслан гүйцэтгэгчээр гэрээлэн ажилладаг “Дорнийн Их Гэгээ”, “Томо Буйлдинг” компанийн ажилтнуудыг удирдан зохион байгуулж, хиймэл цөөрөм үүсгэн зургаан хунг ундалжээ.
Бид энэ талаар М.Чагнаадоржоос тодруулахад, "Цөөрөм үүсгэхэд нийт 75 тонн ус ашигласан. Хунгууд шөнөдөө хиймэл цөөрөмд маань амарч тэнхрээд үүрээр тав нь ниссэн. Бид нисээгүй хунг шалгахаар очиход үлдсэн нэг нь ниссэн. Энэ нь биднийг хүлээж байгаад "Баярлалаа" гэж хэлчихээд явж байгаа мэт санагдсан шүү. Хунгуудыг нисэх хүртэл нь замын хоёр талыг хашиж ажилчдаа манаанд гаргасан" гэж ярилаа.
Хэт халууны улмаас шувууд төдийгүй зээр зэрэг зэрлэг амьтад ангаж үхэж байна. Тиймээс эдгээр компанийн зүгээс хоорондоо 10 км-ийн зайтай дөрвөн усан сан хийсэн юм байна. Зэрлэг амьтад ундаалах цөөрмийн тоог нэмэхээр Дорнод аймгийн Байгаль орчны газар болон Халхгол сумын байгаль орчны мэргэжилтэн, “ПетроЧайна Дачин Тамсаг” ХХК-ийнхантай хамтран ажиллаж байна. Мөн тэд ангаж үхсэн зээрийн сэг зэмийг устгах ажлыг хийж эхэлжээ.
М.Чагнаадорж: Нэг хун нь биднийг хүлээж байгаад "Баярлалаа" гэж хэлчихээд явж байгаа мэт санагдсан | ||
Үзсэн: 107398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.