Шууд Chart

ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болно

2017-08-23 10:52:56

Францын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Иймд манай бөхчүүд хэн хэнтэй таарсныг дараах байдлаар танилцуулья.  

55 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины тамирчин Татьяна Киттэй оноолт таарчээ. Түүнийг ялбал Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай нь барилдана. 

58 кг-д залуучуудын дэлхийн аварга, Азийн АШТ-ий алтан медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай хүч үзэхээр боллоо. Түүнийг дийлбэл энэ жилийн Европын аварга Норвегийн Грейг Буллен, Нигерийн Аминат Олувафунмилао нарын ялсантай хүч сорино. А.Батцэцэгийн хэсэгт Кыргызстаны Айсулуу Тыныбекова, Тунисын Марва Амри, Японы Кацүки Сакагами гээд амаргүй өрсөлдөгчид багтжээ.

63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гра нпри”-гийн хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шерантай өрсөлдөнө. Түүнийг дийлвэл удаах даваанд Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай нь барилдахаар сугалаа татжээ. 

75 кг-д Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан эхний тойрогт эзэн орны бөх Чарлин Мэдисон Домингестэй барилдана. Түүний хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина, Эстонийн Эпп Маэ, Бразилын Да Сильва Феррейра, Азийн аварга Японы Хироэ Сүзүки, Европын аварга Туркийн Ясемин Адар тэргүүтэй ихэнх шилдгүүд багтжээ. 

ДАШТ-ий урьдчилсан болон дагах барилдаан Монголын цагаар 16:00-д эхэлнэ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болно   
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй