Шууд Chart

Б.Шоовдорт хүрэл медаль ойрхон байлаа

2017-08-25 09:41:52

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парист үргэлжилж байгаа бөгөөд дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан боллоо.

Энэ өдөр манай улсаас 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээн ОУТ-ий нэг алт, хошой мөнгө, Сассаригийн ОУТ-ий алт, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэйтэмцээний хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, улсын гурван удаагийн аварга ОУХМ Баатаржавын Шоовдор шагналт тавдугаар байрт оров. 

Гурав дахь удаагаа ДАШТ-д зодоглосон Б.Шоовдор Парисын дэвжээнд хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхлээд гоц мөргөсөн. Харин 1/8 шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайд 2:6-гаар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд эхлээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч орос бүсгүй эхний тойрогт Японы бөхтэй барилдах үеэр бэртэл авснаар дэвжээн дээр гарч ирээгүй. Улмаар өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораисыг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонд 3:8-аар ялагдлаа.
Энэ өдөр барилдсан манай бусад нядхануудаас 48 кг-д ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл 18, 53 кг-д гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг 12, 69 кг-д гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа долдугаар байр эзэллээ.Нэг алт, дөрвөн шагналт байртай Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 25 оноогоор дөрөвдүгээр байрт орж, ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Японы эмэгтэй бөхчүүд 60 оноогоор тасархай тэргүүлж, Беларусь, АНУ тус бүр 32 оноогоор удаалсан юм. 
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Японы Юү Сүсаки, 53 кг-д Беларусийн Ванесса Калазинская, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавай, 69 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Сара Дошо нар түрүүллээ. Беларусь бүсгүй Калазинская таван жилийн дараа цолоо хамгаалсан бол япон бүсгүйчүүд анх удаа дэлхийн аварга болцгоов.

Эмэгтэйчүүдийн хоёр дахь өдрийн дүн:
48 кг (27 бөх): 1. Юи Сусаки (Япон) 2. Эмилия Вук (Румын) 3. Ким Ян Сон (БНАСАУ), Эвин Демирхан (Турция) 
53 кг (25): 1. Ванесса Калазинская (Беларусь) Маю Мүкаида (Япон) 3. Мария Преволораки (Грек), Роксана Засина (Польш) 
60 кг (23): 1. Рисако Каваи (Япон) 2. Элисон Реган (АНУ) 3. Йоханна Матссон (Швед), Анастасия Григорьева (Латви)
69 кг (17): 1. Сара Дошо (Япон) 2. Алине Фокен (Герман) 3. Кумба Ларок (Франц), Юэ Хан (БНХАУ).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Шоовдорт хүрэл медаль ойрхон байлаа  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй