Шууд Chart

До.Нямаа: Шөнийн талд адуу янцгаана

2017-09-11 10:48:27

Манай сайтын хамт олон энэ удаа Монгол Улсын төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Долгорын Нямаа гуайг урих юмсан гэж хэд хоногийн өмнө ярьж байв. Ингээд хоёр хоногийн өмнө МЗЭ-ийн хороогоор орох ажилтай болсон тул тус хорооны нарийн бичигтэй уулзаж байтал сайн хүн санаагаар гэгчээр Д.Нямаа гуай ороод ирэв.

Дотны хүн шиг  таних тул мэнд мэдхэд “Сайн байна аа. Сайхан намаржиж байна уу. Хүүгийн ажил тавлаг уу. Сурвалжлага, ярилцлагаа л хийгээд гүйгээд байна уу” гэв.

Энэ үед уулзсаных гэж бодоод “Тийм ээ. Шинэ дугаартаа таныг урья гэж бодож байлаа. Ашгүй та ингээд ороод ирдэг сайн хэрэг боллоо” гэхэд “Хүн харчихаад худлаа ярьж байгаа юм биш биз” гээд инээвхийлэв.

Түүнийхээ дараа “Би одоо харина. Манайд очиж тухтай ярилцаж болох юм. Энэ хавиар явж байгаад хороогоор сонин сайхан юу байна сонирхоод гаръя гэж бодоод орж ирж байгаа минь энэ” гэв. Би ч дуртай нь аргагүй зөвшөөрч тус хорооны нарийн бичиг тэр хоёрын яриа хурдан дуусахыг тэсэн ядан хүлээж суув. Ингээд бид такси хөлөглөж гэрийнх нь зүг явлаа. Замдаа ойр зуурын зүйл ярьж өөрийн сайтын булангийнхаа тухай танилцуулав. Мөн сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар сонирхох зуур гэрийнх нь өмнө иржээ. Тэр бүр сонин, сайтад ярилцлага өгдөггүй түүнийг зөвшөөрүүлсэндээ дотроо ихэд баяртай байснаа нуух юун. Тэдний орц руу алхаж явахад хар өнгийн хүрэмтэй эмэгтэй биднийг зүглэн алхална. Д.Нямаа гуай тэр хүнийг хараад “Манай хүн явж байх шив. Аль хүрээд ирж байгаа юм бол” гэв. Ингээд бид хамтдаа дотогш оров. Найрагч өвгөн гадуур хувцсаа өлгөж, гутлаа тайлаад “Хүү ийшээ ор” гээд зочныхоо өрөөг заав. Харин гэр бүлийнх нь хүн З.Отгонбаяр гуай галын өрөөнөөсөө тавгийн идээ, цай авч ирж өмнө тавив. Тэднийд тэр хоёроос өөр хүн алга аа. Би яриа өдөж “Хүүхдүүд тусдаа гарчихсан уу” гэхэд “Тийм. Ач, зээ нар хааяа амралтын өдөр ирж бужигналддаг юм. Бусад үед бид хоёр л байдаг юм даа” гэсэн юм. Зочны өрөөг ажиглавал номноос их юм алга аа. Цонхны тавцан, том, жижиг шүүгээ гээд л. Шуудхан хэлбэл тэр өрөөг зочны биш номын сан гэж хэлэлтэй. Коридорт нь ч хана дагуулж байрлуулсан номын шүүгээнд нь ихэвчлэн Монгол, Оросын ямар нь үл мэдэгдэх хуучин ном харагдана. Тэрбээр уран бүтээлээ туурвидаг жижиг өрөө рүү нь дагаж орвол ханандаа тэд гэж багцааламгүй тэмдэг туузанд хатган зүүжээ. Түүнийгээ социализмын үеэс цуглуулсан гэсэн. Энэ нь түүний нэгэн хобби нь гэнэ билээ. Тэр тэмдэгнүүдийнхээ хажууд 2009 онд нийслэлийн “Оюунлаг” гэр бүлээр шагнагдахдаа гардаж авсан өргөмжлөлөө байрлуулжээ.

Д.Нямаа гуайн тухайд 1939 онд дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Өлзийт суманд төржээ. Аав, ээж нь малчин байсан болохоор малын захад бага насаа үдсэн гэж ярьж байв. Түүгээрээ ч ихэд бахархдаг юм билээ. Түүний бичсэн шүлгийн ихэнх нь аж байдлын холбогдолтой байдаг. Одоогоор тэрбээр үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа гэнэ. Өөрөө хэлэхдээ “Би уг нь яруу найрагч хүн. Гэхдээ миний ажил биш болж. Энэ зохиолдоо би туулж өнгөрүүлсэн амьдралдаа, хүүрнэл, тэмдэглэл, бодролоор бичиж байгаа юм. Цаг үе нь ч таарсан” гэв. Номоо “Тэнгэрийн хаяанаас цааш” гэж нэрлэсэн гэнэ. 2003 онд “Тэнгэрийн хаяа” нэртэй яруу найргийн ном гаргасан, энэ нь тус номных нь үргэлжлэл болон хэвлэгдэх гэж байгаа нь мэдээж. Д.Нямаа бага, дунд сургуулиа аймагтаа дүүргэж “Хүн эмнэлгийн техниккум”-ийг 1959 онд төгсчээ. Тэр үед улс даяар “Сүрьеэгийн отряд” бий болгож сургуулиас нь аймаг бүрт 40-өөд хүүхэд хоёр хоёроор нь хуваарилж явуулсанд Д.Нямаа гуай багтжээ. Энэ отряд нь улс даяар хүний биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ явуулдаг байсан гэнэ. Ингээд хоёр жил ажилласныхаа дараа отряддаа өргөдөл өгч гараад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурахаар хилийн дээс алхжээ. Горькийд таван жил сурсныхаа дараа эх орондоо ирж 1966 онд “Утга зохиол” сонинд сурвалжлагчаар ажиллаж ажил, хөдөлмөрийнхөө гарааг эхэлжээ. Түүний анхны нийтлэл “Далан байгуулна” гэсэн нэртэй байжээ. Түүнээс гадна “Залуучуудын Үнэн” сонинд 10 гаруй жил ажиллахдаа сэтгүүлч, яруу найрагч, залуу хүнийхээ хувиар залуучуудын дуу хоолой болж явсан нэгэн. Мөн Монголын үндэсний радиод ажиллаж байсан архаг, ахмад сэтгүүлч.

Д.Нямаа гуай өнөөгийн сэтгүүлч, яруу найрагчдын талаар ярихдаа аль аль нь хэтэрхий олширсон. Гэхдээ хэвлэл мэдээлэл, цахим мэдээлэл ихэссэн болохоор арга ч үгүй биз. Нэг аймагт л гэхэд гурван телевиз, сонин байгуулагддаг болж. Харин яруу найрагчдынх нь гаргаж байгаа бүтээл нь уран дүрслэл, дүр алга. Хийсвэр сэтгэлгээгээр бичдэг. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл яруу найргийн орон зай алдагдахад хүрнэ гэж байлаа. Одоо сэтгүүлзүйд дутагдаж байгаа нэг зүйл бол монгол ахуйг орхигдуулчихлаа. Би хөдсөнд боогдож, хөдөө өссөн болохоор хөдөөгийн байгальд дуртай. Тиймдээ ч хааяа телевизээр орон нутагт болж буй мэдээллийг үзэхийг хүсдэг. МҮОНТ-ээр хааяа хөдөөгийн байгальтай нэвтрүүлэг гарч миний хүслийг тайлж байна. Бусад нь дандаа хов, жив, тэр идэж, энэ үхэж гэж гаргах юм. Өнөөдөр нийгэмд дээрх асуудал хөндсөн зүйл олон ч хааяа хөдөөгийн тухай нэвтрүүлэг гаргаж болмоор доо. Малчин удамтай ард түмэн шүү дээ хэмээн бухимдав. Гэхдээ телевизийн ажилтнууд хөдөө явах шатахууны өртгөө дийлдэггүй биз дээ. Тэгээд ч малчны амьдрал мэддэг сэтгүүлч ховор болж. Иймээс Монгол ахуйд чиглэсэн сэтгүүлч бэлдвэл зүгээр гэлээ. Энэ ярианыхаа дараа “Миний энэ үг өтөлж яваа хүнийх шүү. Уншигчид маань ойлгоорой” гэв.

Яруу найрагч С.Дашдооровын хамт. 

Тэрбээр анхны бүтээл гуравдугаар ангидаа зохиосон “Хулгайч” нэртэй шүлэг байсан аж. Багаасаа яруу найрагт дуртай байсан болохоор хаана л яруу найргийн наадам болно тэр шүлгээ л уншдаг байсан гэнэ. Харин бусад яруу найрагчдын бичсэн өөрт таалагдсан шүлгээ тусгай дэвтэр гаргаж байгаад хуулж бичдэг байсан аж. Гэхдээ тэр дэвтрээ алга болгосондоо одоо хэр нь харамсдаг юм билээ. Тэрбээр бичсэн шүлэг бүрээ дараа нь харчихаад сайн болж хэмээн дүгнэдэг. Магадгүй ийм бодол найрагч хүн бүрийн “Гажиг” өвчин байх гэв. Харин найрагч нөхөд нь түүний “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” гэдэг шүлгийг ихэд тоодог байсан гэдэг. Уншигч та энэ дууг өдгөө ардын дуучин Д.Бурмаагийн дуулдгийг мэдэж байгаа биз ээ. Шүлгийн эзэн шүлгээ биччихээд Горькийд сурч байхад нь Монголд дуу болсон байсанд нь ихэд баярласан гэж яриан дундаа хавчуулаад авна билээ.

Түүний “Шөнийн талд адуу янцгаана” гэдэг шүлгийг мэдэхгүй хүн цөөн. Тэр шүлгийг бичихдээ зохиолч маань их сонин сэдлээр олж харсан байдаг юм билээ. Тодруулбал ОХУ-аас галт тэргээр ирж явахдаа бичсэн гэсэн. Д.Нямаа гуай хөдөө байхдаа нэгдлийн адуу малладаг байсан болохоор эх орныхоо агаараар амьсгалахдаа өөрийн эрхгүй хэдхэн минутын дотор бичсэн гэсэн.

Ийнхүү ...Эртний тойром шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдарна

Аял замын аясыг хөндөж

Аяны хүн талдаа хононо... гэж эхэлдэг энэ агуу шүлэг бүтсэн түүхтэй юм билээ. Энэ бүхнээс харахад түүний бүтээлээс цэвэр монгол ахуй ханхийх шиг болдог юм. Энгийн даруу гэр бүлийнх нь хүн ч энэ чанарт нь татагдсан байж мэднэ.

Д.Нямаа гуайн гэргий З.Отгонбаяр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынх. З.Отгонбаяр гуай түүнийг “Хүн эмнэлгийн техниккум”-д сурч байхад нь доод ангид нь сурч байсан гэсэн. Тэдний учирсан түүх бас л сонин юм билээ. Сургууль нь үдэшлэг их зохион байгуулдаг байж л дээ. Д.Нямаа гуай нэг өдөр өнөө үдэшлэгтээ очихоос залхуураад гэртээ амарч. Гэвч маргааш нь ангидаа иртэл ангийнх нь нэг хэлэмгий охин “Өчигдрийн үдэшлэгт Нямаа доод ангийн Оюунбаяртай учиргүй их бүжиглэж байсан” гээд аваад хаяж. Д.Нямаа гуай тэр үед “Намайг байхгүй байсныг бүгд мэдэж байгаа юм чинь” гэсэн шүү юм бодсон ч Отгонбаяр гэж ямар охин байдгийг нь харах гэсэн хүсэл төржээ. Ингээд сэмхэн ч гэсэн харах гэж нэлээд өдөр өнгөрүүлж. Түүний нүдэнд сэргэлэн, хөөрхөн харцтай охин харагдсанд өөрийн эрхгүй танилцахыг хүсчээ. Тухайн үед З.Отгонбаяр гуай уран сайхны бүлгэмд явдаг сургуульдаа бараг “од” болсон охин явж. Тэд 1960 онд ууган үрийнхээ зулайг үнэрлэснээс хойш дөрвөн хүү, нэг охинтой болжээ. Д.Нямаа гуай манай хүүхдүүд юм бичихгүй юм. Харин ач, зээ нараас бичдэг хүн гарах болов уу гэж горьддог юм гэв. Ингээд бидний яриа өндөрлөж Монголын утга зохиолд өөрийн гэсэн өнгө аясыг шингээж буй ахмад найрагчийнхаас гарсан юм. Хамт олныхоо болон уншигчдынхаа өмнөөс танай гэр бүлд аз жаргал хүсье.   

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

До.Нямаа: Шөнийн талд адуу янцгаана  
Үзсэн: 7825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Otgoo [172.98.84.xxx] 2018-02-19 12:24
Saihan bnaa, iim mundag hvmvvsiin tuhai ih oruulj bgarai
Зочин [150.129.142.xxx] 2017-09-16 10:25
Сайхан хүн дээ Манай "Өнөр" хороололд амьдардаг хүн дээ Өглөө Шуудангийн 21-р салбараас хэвлэлээ аваад явж байдаг юм Ер нь манай хороололд утга зохиол урлагийн томчуул амьдран суудаг тухайлвал яруу найрагч Ч.Дагвадорж , Дан.Нямаа нар маань байна , харин Дан.Нямаа абугай ойрд харагдахгүй байх чинь өөр тийш нүүсэн байх За тэгээд дээхни үед нэрт төвдөч Л.Хүрэлбаатар гуай цүнхээ сугавчилсан алхаж байдаг байсан одоо Бурханы оронд... Ардын жүжигчин Д.Гомбосүрэн гуай , алдарт гавъяат Г.Бирваа нар ч Шуудангийн 21-р салбараар үйлчлүүлдэг байсан санагдаж , одоо тэд маань бас л Бурханы оронд...
Зочин [203.91.115.xxx] 2017-09-11 10:57
Урт наслаж удаан жаргаарай

Бидэнтэй нэгдээрэй