
“Алтайн урчууд-2017” соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа Говь-Алтай аймагт анх удаа зохиогдож байна.
Монголчуудын уламжлалт гар урлал олон зууны түүхтэй, өөрийн гэсэн уран сайхны өвөрмөц онцлогтой. Мөн гоёмсог байдал, уран нарийн хийцээрээ олны харааг булааж, сэтгэлийг татдаг билээ.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Алтайн урчууд-2017” үзэсгэлэн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад болж байна. Алтай нутгийн онцлогийг харуулсан энэхүү урлагийн бүтээлийг бий болгох, урлаачдыг алдаршуулах, мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, “Алтайн брэнд” гар урлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэхэд үзэсгэлэнгийн зорилго оршиж байгааг албны хүн онцолж байна. Соёлын биет бус өвийг тээгчид болох гар урлалын 72 урлаач 600 гаруй бүтээлээрээ оролцож буй юм.
Дээрх аймагт уламжлалт гар урлалыг бүтээснээрээ цаашдаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж, түүхэн уламжлалт зан заншилаа авч үлдэх, улс орондоо болон дэлхийд өв уламжлалаа танин дэлгэрүүлэх нэгэн үүд хаалгаа нээгдэж байна хэмээн албаны хүмүүс онцолсон юм.
Монголчууд эрт дээр үеэс малынхаа ноос, арьс, шир болон эсгийгээр эд зүйлс урлахын зэрэгцээ бөс даавуу, торго дурданг түгээмэл хэрэглэж, оёмол, хатгамал, ширмэл, наамал урлалыг хөгжүүлж ирсэн түүхтэй.
Дээл хувцас, малгай, гутал, оймс, хавтага, бэл, хэтэвч, даалин, гаансны дугтуй, аяганы уут зэргийг олон өнгө хоршуулан, ур гарган шаглаж, хатгаж, зүү ороож, зээг тавьж, уран нарийн хийцтэй, ховор нандин эд зүйлсийг урлаж иржээ. Мөн тус үзэсгэлэнд шилдгүүдийг тодруулж, шагналын мөнгөөр нь өөрсдийнх гар урлалыг нь худалдаж авах юм байна.
“Алтайн урчууд-2017” гар урлалын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 2192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.