Шууд Chart

“Алтан туурайтаа аварцгаая-2” аян эхэллээ

2017-10-10 10:28:23

“Алтан туурайтаа аварцгаая-2” аян өчигдөрөөс эхэллээ. Тус аянд адуунд хайртай, элэгтэй хүн бүхэн нас хүйс, албан тушаал, нийгмийн давхарга үл харгалзан хамрагдах боломжтой аж. Үүнийг сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан, С.Дүүрэнзаяа нар хамтран зохион байгуулж байна.

Энэхүү аяны зорилго нь "Бой буюу нядалгаа"-ны газарт эрдэнийн толгойгоо лантуунд бяц цохиулан амьсгал хурааж буй олон адууны нэгнийх нь ч болтугай амийг аварч буян үйлдхэд оршиж байгаа гэнэ.

Тэд “Орой хээлтэй гүү, дөнгөж хүлэг болох гэж буй даага гэх мэт адуу 4-7 хоног ус, өвсгүй хашигдан өлсөхийн эрхэнд хашааны мод, нэгнийхээ сүүл, нойтон хомоолоо хүртэл идэж байгааг харах үнэхээр хэцүү байлаа” гэсэн юм.

“Алтан туурайтаа аварцгаая-2” аянд нэгдэхийг хүссэн хүмүүс Хаан банкны 5360381249 дансанд 20 мянган төгрөг шилжүүлнэ. Үүний дараа мөнгөө өгсөн хүмүүсийн овог нэр, утасны дугаарыг бичиж, шилэн хоргонд хийж, сугалаанд оролцуулж, газар дээр нь утсаар холбогдож мэдэгдэх юм.

Хэрвээ 60 хүн мөнгөө ирүүлсэн бол гурван азтан тодруулж, тус бүр 400 мянган төгрөг гардуулна. Үүгээр нядалгаанд орох гэж байгаа адуунаас өөрсдөөр нь сонгуулж, худалдаж авч өгөх юм. Азтанууд бэлэн мөнгө авахгүйгээр заавал адуугаа худалдаж авахаас гадна хаашаа, юугаар тэрхүү алтан туурайтаа авч явахаа өөрсдөө шийдэх аж.

Сүүлийн үед фэйсбүүкээр мөнгө луйвардаж байна гэсэн мэдээлэл их гарч байгаа тул аянд нэгдэгсэдийг мөнгөө шилжүүлэхээсээ өмнө 8883-1261, 8840-5056 гэсэн утас руу холбогдохыг анхааруулахыг уламжилж байлаа.  

Бүртгэл энэ баасан гараг буюу аравдугаар сарын 13-нд хаагдаж, тэр оройныхоо 19:00 цагт сугалаа явагдана.

Сугалааг уламжлал ёсоор шударга явуулах үүднээс live-аар шууд дамжуулах юм.

Сонирхуулахад тэд өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Эмээлтийн бойнд орох гэж байсан адаануудаас гурвынх нь амийг аварч, шинэ эзэн, сүрэгтэй болгосон билээ. Азтанаар Улаанбаатар хотоос оролцсон Монгол Улсын гавьяат тамирчин Т.Цэрмаа, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат, аймгийн алдарт уяач Ш.Энхтүвшин, Төв аймгаас оролцсон аймгийн алдарт уяач, цагдаагийн хурандаа А.Эрдэнэбаярын хүү Цоглог нар тодорсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан туурайтаа аварцгаая-2” аян эхэллээ  
Үзсэн: 1823 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй