
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сард Үндэсний түүхэн жүжгийн өдрүүдээ зарласан билээ.
Аравдугаар сарын 8-нд "Жаргаагүй нар" жүжгээрээ нээлтээ хийсэн бол энэ амралтын өдрүүдэд Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжгийг үзэгчдэдээ толилуулах гэж байна.
Уг жүжгийг МТӨ 2220 жилийн өмнө Хүн гүрнийг Модун Шаньюй байгуулсны 2220 жилийн ойд зориулан бичжээ.
Жүжигт Модуныг түүний аав Түмэн Шаньюй хувийн эрх ашгийг үл ойшоосон шалтгаар харь гүрэн Кушанд барьцааны хүн болгон явуулснаар эхэлнэ.
Модун олзноос оргон ирэхдээ эцгийн харь гүрэнд буумтгай бодлогыг таслан зогсоох, улс үндэстнээ хүчирхэг болгох, газар бол төрийн үндэс гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн, дипломат ёс горимыг шинэчлэх санаа бүхий хүчирхэг хүний дүрээр эх орондоо ирдэг.
Жүжигт Модуны улс төрийн бодлого, аугаа удирдагч, их жанжин хүн байсан гэдгээс нь гадна хувь хүний дотоод мөн чанар, ертөнцийг үзэх үзлийг товойлгон үзүүлжээ. Мөн Монгол төрийн уламжлалт ёс, эх орноо хайрлах үзэл, газар нутгаа эрхэмлэх сэтгэл болон хар сэтгэл, атаа хорсол, авлига хээл хахууль, төрийн ялзралыг өгүүлж, Хүннү гүрэн бол тухайн үеийн дэлхийн улс үндэстэн дундаас төрт ёсыг хамгийн анх эрхэмлэн дээдэлж, төрийн бодлого, хууль цаазыг хэрэгжүүлсэн том гүрэн улс гэдгийг харуулахыг зорьжээ.
Модун Хүн гүрнийг сулран доройтуулсан эцэг Түмэн Шаньюг хороон, төрийн эргэлт хийн, газар шороо гэдэг ямар их үнэ цэнэтэй олддог эрхэм нандин зүйл болохыг хүн бүрийн зүрх сэтгэлд тунхаглана. Жүжгийн өрнөл явцад тэрээр улс гүрнээ бататган нэгэн жолоонд оруулсан удирдагч хүний хувьд "Тэнгэрийн хүү" болтлоо алдаршсан ч хувь хүний амьдрал нь эмгэнэлт байдлаар төгсөнө.
Жүжгийн гол агуулга нь Монголчуудын дээд өвөг Хүн гүрний түүхийг тодотгон, эх түүхээрээ бахархах, газар шороогоо амь мэт хайрлах, эх орондоо үнэнч байх үзлийг түгээн дэлгэрүүлж, монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг сэрээхэд оршжээ.
"Тэнгэрийн хүү" жүжгийг аравдугаар сарын
- 13-ны баасан гарагт 19:00 цагт,
- 14-ний бямба гарагт 17:00 цагт,
- 15-ны ням гарагт 17:00 цагт тоглоно.
“Тэнгэрийн хүү” дахин тоглогдоно | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.