Шууд Chart

Си Зиньпинийг хэн залгамжлах вэ

2017-10-19 09:45:09

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын XIX их хурал өчигдөр Бээжин хотноо эхэлсэн. Таван жил тутамд дэлхий нийт Хятадын Коммунист намын их хуралд анхаарлаа хандуулдаг. Учир нь энэ хурлаар 1.3 тэрбум хүн амтай, эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг БНХАУ-ыг хэн удирдах вэ гэдгийг тодорхойлдог юм.

БНХАУ-ын улс төрийн хамгийн том үйл явдалд тооцогддог Коммунист намын их хурал 7 хоног үргэлжлээд, ирэх 7 хоногийн дундуур дуусах юм байна. Коммунист намын их хурлаар намын дүрэмд заасны дагуу Хятадын Коммунист намын төв хорооны шинэ бүрэлдэхүүнийг их хурлын төлөөлөгчдөөс сонгодог. Намын гол бодлого, БНХАУ-ын хэтийн төлөвийг тодорхойлдог төв хороо нь дараагийн их хурал хүртэл намын бүх ажлыг удирдаж, Хятадын Коммунист намыг төлөөлдөг. Төв хорооны шинэ гишүүдээс улс төрийн товчооны 25 гишүүн, тус товчооны байнгын хорооны 7 гишүүний 5-ыг сонгоно. Энэ удаагийн хурлаар намын төв хорооны ЕНБД Си Зиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян нараас бусад 5 гишүүнийг шинээр томилох төлөвтэй байна. Үндсэндээ Хятадын ирэх таван жилийн ерөнхий зураглал тодорхой болж, цаашдын бодлого тодорхойлогчид тодорно. Хятадын Коммунист намын XIX их хуралд намын 88.7 сая гишүүнийг төлөөлөн 2300 орчим гишүүн оролцож байна.

БНХАУ-ЫН ДАРГА ХИЙСЭН АЖЛЫНХАА ТАЙЛАНГ ТАВИЛАА

БНХАУ-ын дарга Си Зиньпин намын XIX их хурлыг нээж, өнгөрсөн таван жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, улс орныхоо ирээдүйн улс төр, эдийн засгийн төлөвлөгөөний ерөнхий дүр зургийг танилцуулсан байна. Хятадын Коммунист нам Си Зиньпиний удирдлага дор шинэ үзэл санаа, шинэ стратеги боловсруулан хэрэгжүүлж, түүхэн өөрчлөлтүүдийг хийсэн гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ. Тухайлбал, ажлаа авах үеэс хэрэгжүүлж эхэлсэн авлигын эсрэг кампанит ажил нь үр дүнгээ өгч, нам улс төрийн өндөр дээд тушаалын хүрээн дэх авлига хээл хахуулийг таслан зогсоох, илрүүлэн хариуцлага тооцох ажил нь үр дүнд хүрч байна. Цаашид энэ стратегийг илүү боловсронгуй болгон хэрэгжүүлнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг тогворжуулах, чинээлэг дундаж давхаргыг бий болгох Хятад мөрөөдөл амжилттай хэрэгжиж, Хятад улсын эдийн засаг урт хугацаанд тогтвортой байх суурь бат бөх болсон гэдгийг онцолсон юм. БНХАУ "Нэг улс, хоёр систем" зарчим цаашид өөрчлөгдөхгүйг дахин нотоллоо.

Түүнийг төр барьсан таван жилд БНХАУ-ын ДНБ 54 их наяд юаниас 80 их наяд юаниар өсөж, 60 сая хүн ядуурлаас гарсан байна. Мөн Хятадын Коммунист нам-ын БНХАУ-ыг 21-р зууны дунд үе гэхэд хамгийн орчин үеийн социалист улс болгон хөгжүүлэх хоёр үе шаттай төлөвлөгөөг танилцууллаа. Эхний үе шат нь 2020-2035 оны хооронд, хоёр дахь үе шат нь 2035-2050 оны хооронд хэрэгжих юм байна. Мөн Хятадын Коммунист нам 21-р зууны дунд үе гэхэд дэлхийн түвшний зэвсэгт хүчнийг бүрдүүлнэ гэдгийг Си Зиньпин онцолсон байна. Хоёрдугаарт, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үе рүү шилжлээ. Энэ бол БНХАУ-ын хөгжлийн түүхэн шинэ үе гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 СИ ЗИНЬПИНИЙГ ХЭН ЗАЛГАМЖЛАХ ВЭ

БНХАУ-ын дарга Си Зиньпин нь 2012 онд болсон Хятадын Коммунист намын их хурлаар Ху Жиньтао даргаас төрийн эрхийг хүлээн авсан юм. Си Зиньпиний хувьд хоёр дахь бүрэн эрхээ үргэлжлүүлэн авах бүх нөхцөлийг хангасан. Гэхдээ Хятадын эрх баригч намын энэ удаагийн их хурлын өмнө өмнөх уламжлалаар дараагийн үеийн удирдагч тодорсонгүй гэж олон улс харж байна. Үүнд Си Зиньпиний авлигатай тэмцэх бодлого нэг талаар нөлөөлсөн, үндсэндээ намын удирдлагад очих магадлалтай хүмүүс нь авлигын хэрэгт холбогдсон учир олон улсын таамаглалд байснаас өөр хүмүүс намын байнгын хороонд сонгогдох болов уу гэсэн таамаг байна.

Си Зиньпиний залгамжлагч гэгдэж байсан улс төрийн товчооны гишүүн асан Сун Жэнцайг өнгөрсөн долоодугаар сард авлигын хэргээр шийтгэж, түүний оронд Чунцин хотын намын НБД-аар Чэнь Минэрийг томилсон юм. Иймд түүнийг Си Зиньпиний залгамжлагчдын эгнээнд орлоо гэж улс төрийн хүрээнд харж байна. Гэхдээ Си Зиньпин залгамжлагчаа тодруулах гэж нэг их яарахгүй байна. Магадгүй тэрбээр 2022 оны Хятадын Коммунист намын их хурлаар намын удирдлагыг дараагийн хүнд шилжүүлэн өгсөн ч өөрөө намын удирдагч, эсвэл өөр том албанд үлдэх магадлалтай байхыг ч шинжээчид үгүйсгэхгүй байна.

Хэрвээ 2022 онд Си Зиньпин намыг хөшигний араас удирдахаар болвол Мао Зедун, Дэн Сяопин нарын адил Си Зиньпиний үзэл санаа түүний бүрэн эрхийн хугацаанд бус цаашид нөлөөтэй байх боломжтой гэж судлаачид бичиж байна. Ийм дүгнэлт Си Зиньпинийг өнгөрсөн онд Намын гол удирдагч гэж зарласантай холбоотой байж болох юм. Одоо Си Зиньпин Ли Көцян нараас бусад улстөрийн товчооны байнгын хорооны таван гишүүн тавуулаа тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн учир тэднийг суудлаас нь чөлөөлөхөөс аргагүй болсон. Уламжлал ёсоор намын ЕНБД-ын төлөө өрсөлдөх нэр дэвшигч байнгын хороонд доод тал нь таван жил ажилласан байх шаардлагатай. Иймд Си Зиньпинийг залгамжлагч 2022 онд болох Намын 20-р их хурал дээр сонгогдох боловч одоогийн XIX хурлаар намын улс төрийн товчооны байнгын хороонд томилогдох ёстой гэсэн үг юм. Одоогоор түүнийг залгамжилж магадгүй хүний тоонд Коммунист намын төв хорооны Тамгын газрын дарга Ли Жаншу, тус хорооны намын байгуулалтын газрын дарга Жао Лэзи нар одоо шинээр бүрдэх байнгын хороонд багтах магадлал өндөр юм байна.

Үндсэндээ XIX хурлаар сонгогдох байнгын хорооны таван шинэ гишүүний нэг нь Хятадын зургаа дахь үеийн удирдагч болно гэсэн үг. Одоогоор олон улсын хэвлэлүүд Си даргатай ойр бөгөөд түүний итгэлийг олсон 6 хүнийг жагсаасан байна. Хамгийн магадлал өндөр нь Чунцин хотын намын дарга Чинь Минэр 57 настай,  Гуандун мужийн намын нарийн бичгийн дарга Ху Чунхуа 54 настай, Ван Хунинь төрийн бодлого судлалын газрын захирал 62 настай, Ван Ян төрийн зөвлөлийн сайд 62 настай, Хан Жэн Шанхай хотын дарга 63 настай, Ли Жаншу намын төв хорооны тамгын газрын дарга 67 настай. Эдгээр хүмүүсийг байнгын хороонд сонгогдох магадлалтайд тооцож байна. Их Хурлын төгсгөлд ХКН үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Си Зиньпиний баримтлах зарчмыг тусгах болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Үндсэн хуулинд өмнөх хоёр удирдагч Мао Зедун, Ден Сьяпон нарын тунхагласан баримтлах зарчмуудыг тусгасан байдаг юм байна. Өнгөрсөн онд Си Зиньпин Коммунист намын гол удирдагчаар нэрлэгдсэн юм. Хэрвээ түүний нэрээр үндсэн хуулинд баримтлах зарчим оруулвал түүний нам доторх байр суурь улам өргөжин, БНХАУ-ын орчин үеийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий удирдагч болж бичигдэх юм байна.

XIX ИХ ХУРЛЫГ ТОХИОЛДУУЛАН БЭЭЖИН ХОТ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ЧАНГАТГАЛАА

БНХАУ-ын улс төрийн хамгийн том үйл явдал эрх баригч Коммунист намын их хурал болж байгаатай холбогдуулан нийслэл Бээжин хот аюулгүй байдлаа чангатгасан байна. Долоо хоног үргэлжлэх намын их хуралд БНХАУ-ын муж бүрээс нийт 2300 гаруй төлөөлөгч ирж оролцож байна. Иймд Бээжин хотын захиргаа хотын зугаа цэнгээний газруудаас эхлээд ресторан, хоолны газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, урлагийн тоглолт, кино үзвэрийн нээлт зэргийг хойшлуулжээ.

Хотын гудамж талбай, хөл хөдөлгөөнтэй өргөн чөлөө, хүн олноор цуглардаг автобус, галт тэрэгний зогсоол, нисэх онгоцны буудал зэрэг газруудад цагдаа хүчнийхэн хамгаалалт авсан байна. Мөн өчигдрөөс эхлэн Бээжин хотын метронд зорчигчдын биед болон ачаа тээшинд шалгалт хийж эхэлжээ. Метроны шалгалтаас болоод замын хөдөлгөөн саатаж, метронд суух гэсэн олон хүний урт дараалал үүссэн байна. Мөн Бээжин хотын төмөр замын өртөөнд ч хяналт шалгалтыг чангатгажээ.

Бээжин хотын захиргаа намын их хурлын аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн сард Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг төмөр металл материалын хамгийн том захыг Хебей муж руу нүүлгэсэн байна. Мөн цахим үйлчилгээ, худалдаа, е-майлийн харилцааг ч хянан шалгаж байгаа юм байна. Иймд зарим цахим худалдааны байгууллагууд шингэн, шахмал нунтаг болон цавуулаг бараа бүтээгдэхүүний хүргэлтээ энэ сарын 26-ныг хүртэл түр зогсоожээ.

Бээжингээс гадна томоохон хотуудад ч метро, галт тэрэгний үйлчилгээний хяналтыг чангатгаж, аюулгүй байдлын өндөржүүлсэн харуул хамгаалалт гаргасан байна. Шиньжаан Уйгарын автономит мужид ч гэсэн зарим газарт иргэдийг заавал бичиг баримттайгаа явах, төмөр металл эд хэрэглэл биедээ авч явахыг түр хоригложээ. Аюулгүй байдлын, урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээ нь намын их хурлын үеэр эсэргүүцэл, тэмцэл гарах, ухуулга сурталчилгаа явуулахгүй байхад чиглэсэн байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Си Зиньпинийг хэн залгамжлах вэ   
Үзсэн: 2583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй