
Монгол Улсын Ардын жүжигчин, алдарт морин хуурч, нэрт сурган хүмүүжүүлэгч Ц.Батчулуун агсан тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн хоёр давхарын коридорт морин хуурын ангийн өсөх ирээдүйтэй хүүхдүүдийг цуглуулан анхныхаа бэлтгэл сургуулилтыг хийж өнөөдрийн Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгын үндэс суурийг тавьснаас хойш 25 жил урсан оджээ.
Монголын ард түмний цэцэн билэг, саруул ухааны бэлгэдэл болон үүсч хөгжсөн хоёрхон утастай морин хуур хөгжмөөр хорвоогийн бүх л ая эгшиг, айзам хэмнэлийг уянгалуулсаар 25 жилийнхээ ойтой золгосон Морин хуурын чуулгын хүндэтгэлийн Гала тоглолт өнөөдрийн 15:30 цагт Соёлын төв өргөөнд нээлтээ хийхэд ганц ч сул суудалгүй гайхамшигтай ая эгшгийн найрслыг үзэж сонсохоор хүрэлцэн ирсэн үзэгчдээр пиг дүүрсэн байлаа. Тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ардын жүжигчин төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Улсын филармонийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар нээж хүндэтгэлийн үг хэлцгээсэн юм.
Тухайлбал өчигдөрхөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж дэлгүүрийн лангуу хоосон шахуу, урлаг соёлын тоглолт үздэг хүнгүй шахуу байсан алс тэртээх 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд анхныхаа тоглолтыг хийж байсан Морин хуурын чуулгыг Монголын төр чадлынхаа хэрээр дэмжиж тусалсаар ирсэн. Энэ ажил Монгол төрийн бодлого байсаар байх болно гэдгийг баталгаажуулж 2018 онд хувцас хэрэглэлээ шинэчлэхэд нь зориулж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцаас 50 сая төгрөгийн туслалцаа үзүүлж байгааг мэдэгдье” гэсэн бол Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Морин хуурын чуулга бол даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд Монголчуудын оюуны дархлаа болсоор ирсэн, хойшид ч энэ үүргээ улам илүү чадварлаг, мэргэжлийн түвшинд хадгалж хамгаалах нь дамжиггүй. Энэ удаагийн тоглолтыг үзэхээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Морин хуурын чуулга үүсэн байгуулагдах, дэлхийн 26 оронд айлчлан тоглох зам мөрийг нээлцсэн П.Очирбат, морин хуурын чуулгатай анхнаас нь хамтран дуулсан зууны манлай Ардын жүжигчин, төрийн шагналт Х.Уртнасан, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, 19 жилийн турш Морин хуурын чуулгыг Японд урьж тоглуулан хоёр ард түмний соёлын харилцаа өргөжин хөгжихөд хүндтэй гавьяа байгуулсан Япон дахь Монголын соёлын элч эрхэм хүндэт Сато Норико гуай нар хүрэлцэн ирж үзэж байгаад туйлын сэтгэл ханамжтай байна. Морин хуурын чуулга бол Монгол ахуй, Монгол соёл, хөгжмийн урлагийн гайхамшигтай төлөөлөл болж 25 жилийнхээ түүхийг бичиж явна. Өнөөдрийн тоглолтыг үзэх биш сонсож ойлгохыг хичээгээрэй. Тэгээд ч концертын хөтөлбөрөө сонсож ойлгоход зориулан бэлдсэн юм шүү” хэмээсэн юм.
Ийнхүү гурван цаг хэртэй үргэлжилсэн Морин хуурын чуулгын 25 жилийн хүндэтгэлийн Гала концерт хоёр хэсгээс бүрдэж хөгжимчдийнөө ур чадварыг нээн харуулсан үнэхээрийн гайхамшигтай аялгуулаг тоглолт болж өндөрлөв. Тоглолтод Ардын жүжигчин уртын дууч Ш.Чимэдцэеэ, Морин хуурын чуулгын дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, Ардын жүжигчин, төрийн шагналт алдарт морин хуурч Г.Жамьян агсны ач хүү Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, зууны манлай, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, дуурийн эрэгтэй дуучдын гурвал гээд нэр алдартай уран бүтээлчид ая дуугаа өргөж үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар мялаалгасан юм.
Морин хуурын чуулгын 25 жилийн ойн Гала тоглолтын нэгэн гол дүр нь Нью-Йоркийн алдарт “Корнеги Холл” театрын тайзнаа Монголоос анх удаа морин хуур хөгжмөөр гоцлон хөгжимдөж байсан Морин хуурын чуулгын концертместер, шилдэг хөгжимчний “Мөнгөн мод” шагналт Н.Жигжиддорж байсан юм. Тэрээр чуулгын хөгжимчдөө удирдан тоглуулахын зэрэгцээ өөрөө залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжимд зориулсан II концерт”-ийг гоцлон хөгжимдөж ямархуу чансаатай хөгжимчин гэдгээ яруу тунгалагаар нотлон сонсгосон юм. Ийнхүү дэлхийн сонгодогууд болон Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг тодорхойлогчдын гайхамшигтай аялгуу эгшигт бүүвэйлэгдсээр Морин хуурын чуулгын 25 жилийн ойн гайхамшигтай аялгуулаг Гала тоглолтыг үзэж, ая эгшгийн гайхамшигт автсаар гурван цаг өнгөрснийг ч мэдэрсэнгүй.
Тоглолтын хөтлөгч өгүүлэхийн урлагийн нэрт мастер, энэ цагийн тайз дэлгэцийн олон сайхан дүрийн эзэн, киноны дуу оруулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан тоглолт өндөрлөж байгааг зарлахад л сая сэхээ авч хэд ч үзээд уйдамгүй Морин хуурын чуулгын аялгуу эгшиг энэ удаа завсарлаж байгааг анзаарсан юм.
Хоёрхон утастай морин хуураараа хорвоог уярааж хотлыг шуугиулсан Морин хуурын чуулгын ая эгшиг зуунаас зуун дамжин эгшиглэх болтугай гэсэн сүүн цацлаар энэхэн тэмдэглэлээ өндөрлөж байна.
Хоёрхон утастай морин хуураараа хорвоог уяраасан Монголчууд... | ||
Үзсэн: 2713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.