Шууд Chart

Ахархаг, омогшиг, гайхуулаг ээ...

2017-10-29 17:00:00

Байлдагч мөрдэсийг саагаар чимж, соёмбоор гоён бараг л генерал мөрдэс мэт харагдах “бүтээл”-ийг нэгэн нөхөр маань барьчихсан явахтай таарч бидний хэдэн нөхөд энэ талаар багагүй яриа өрнүүлэв. Одоо үед бас цэргүүд ингэж хийдэг байх нь ээ, бидний аав ээжийн үед л иймэрхүү зүйл байсан гэх зэргээр яриа үргэлжиллээ. Халагдах цэргийн хийсэн уг гоёл надад бага насны дурсамжийг яах ийхийн зуургүй авч ирсэн юм. Би жирийн л нэг офицерын охин. Хугацаат цэргийн алба гурван жил байх үед буюу 1980-аад оны эхээр аав маань цэргийн ангид улс төрийн орлогчоор ажилладаг байв. Цаг наргүй ажилтай, гэрийн бараа харах нь ховор. Ангийн байрлалаас холгүй орших ажилчдын байр болох нэг давхар 10-аад байшинд хүүхэд хөгшид голдуу үлдэнэ. Өдөржин халтайтал тоглочихоод харанхуй болохтой зэрэгцээд л гэрийн бараа харна. Гэхдээ биднийг өсгөж хүмүүжихэд тус дэм үзүүлсэн, бараг гэрийн маань гишүүд гэж хэлж болох хоёр хүнийг би одоо ч мартдаггүй юм. Тухайн үед айл бүр шахам “амины” цэрэгтэй байлаа. Ээж, аавыг эзгүйд “хаая хүүе” гэж, хааяадаа хоол хийж, хань бараа болно. Манай гэрийн гишүүд бол Гантулга, Батсүх гэх хоёр байлдагч. Уйдаж, гансарсан бид гурав тэр хоёрыгоо ирэхээр хачин их баярладагсан. Хоёр дүүтэй минь байлдаж тоглоно, надад үсэг, бичиг заана, хоол хийж өгнө. Сургуульд ороогүй байсан хэдий ч би тэр хоёрын нууц яриаг сэмхэн сонсож, юун тухай болохыг нь гадарладаг байлаа. Найз охидынх нь сэтгэлийн үгс шингэсэн эвхээстэй захидлыг тойрсон нууцхан яриа голдуу өрнөдөг байв. Хааяадаа ээжтэй маань аав ээж, нутаг усныхаа тухай хууч дэлгэнэ. Ийм л цаг мөчүүд гоёлын мөрдэсийг хараад зурсхийж, нүдний өмнө зураглал болж хөвөрч байлаа. 

...Цэрэг ах нар маань ирэх нь цөөрсөөр сүүлийн хэд хоног бүр ч үзэгдэхээ болив. Ааваас асуутал ах нар чинь халагдах гээд завгүй байгаа, юун та нартай зууралдах манатай гэдэг байгаа. Халагдана гэхээр гэртээ бүр харина гэсэн үг. Харихаасаа өмнө ирэх болов уу, заавал ирнэ, надад “нууц” нь байгаа юм чинь. Тэрийгээ авах гэж ирэхдээ л ирнэ” гэсэн бодол, эргэлзээ миний дотор эргэлдсээр л. Бараг хоёр сарын өмнө ах нар маань ирэхдээ нэвт харагддаг шил шиг хатуу зүйл, цэнхэр өнгөтэй цахилгааны лент, хайч, цавуу зэргийг авчирч, “маш нууц” гэж анхааруулан, хэнд ч хэлэхгүй гэсэн ам өчиг авч нэгэн зүйл хийж эхлэв ээ. Юу хийж байгааг нь мэдэхгүй ч орон доорх өмчний жижиг авдартаа өнөөх нууцыг нь хадгалах үүрэгтэй. Мань хоёр ч зав чөлөөгөөрөө үргэлжлүүлж хийсээр минийхээр дөрвөн том, дөрвөн жижиг погон бэлэн боллоо. Янзтай гоё. Томоос том “АА” үсэгтэй. Нөгөөх хоёр маань зүүж үзнэ. Тогтоох л хэцүү юм гэж ярилцана. Ийн хэдэн өдрийн дараа гоёл бэлэн болж, даавуунд нямбайлан ороогоод миний жижиг авдарт хадгалсан юм. Оройдоо би сэмхэн гаргаж үзнэ. Ах нар ирэхгүй л байлаа. Бяцхан нууцаа нандигнан хадгалсаар.

Өглөө сэрэх нь ээ ээж, аав хоёрын дүнгэр дүнгэр ярилцах сонсогдоно. Хот руу орох гэж байгаа бололтой. Дэлгүүр хоршооноос юм авах тухай яриа өрнөсөөр. Одоноо орос найздаа захиж байж ганцхан хром л олж гэнэ. Болохгүй бол чи өөрийнхийгөө л өгөхөөс. Дараа нь учир нь олдоно биз гэх яриа чих дэлсэж “Аавын хромыг хэнд өгөх гэж байгаа юм бол, шинийг нь өгөх юм болов уу, хуучныг нь өгөх юм болов уу” гэсэн тэс хөндлөн бодол эвлэрүүлж ядна. Том дүүтэйгээ цэмбэний өөдсөөр аавынхаа хромыг зүлгэх нь хэрдээ л хэцүү гэхдээ л хийх дуртай ажил маань байж билээ. Ёстой нүүр харагдаж байна даа гэх аавынхаа үгэнд учиргүй урамшиж баярлана.

Удаж төдөлгүй аав ажлаасаа хоёр ахтай маань цуг ирлээ. Бид гурав ч шуугин очиж, тал талаас нь ноолж бөөн баяр. Ээжийн минь хийсэн хоолыг ширээ тойрон амтархан идсэний дараа ээж даавуун торонд хийсэн зүйлсийг аав ээждээ өгөөрэй гэж, харин аав жижиг өрөөнөөс хоёр хром авчирч, “Нутагтаа очоод өмсөнө шүү, нөхдүүд” гэж их л албархуу хэлж билээ. Энэ бэлэгнүүдтэй хамт даавуунд боодолтой нууц маань ч цуг явлаа.

Жагсаалын талбайд цэргүүд жигдрэн жагсчээ. Ямартаа ч захирагч үг хэлж, шагнал гардуулж байгаа нь там тум ойлгогдоно. Яг л баяр болж буй мэт бөөн бужигнаан дунд гахайчин цэргийг “Комендарски” цагаар шагнасан гэнэ, болж дээ гэсэн яриа ам дамжин яригдаж байсан нь тод санагдаж байна. Юу болж байгааг ухаарах сөхөөгүй зогсох намайг ах нар маань ирж үнсчихээд л гүйлдээд одож билээ. Бодвол тэгээд л машиндаа суугаад нутгийн зүг жолоо залсан байх. Нутагтаа очоод л хромоо өмсөж, гоё мөрдэсээрээ гангарч найз охиддоо гайхуулсан байх даа гэж яагаад ч юм өнөөдөр бодогдлоо. 

Мөрдэсийг нь заавал буцааж өгөөрэй гэж найздаа хэлэв. Нүдээ чилтэл хүлээж суугаа аав ээждээ, найз нөхөддөө эх орон, эр цэргийн албаараа бахархаг, онгирог. Би чинь эх орныхоо эр цэрэг нь болоод ирлээ гэж гайхуулаг. Өлгий сайхан нутаг руу минь өс санан өнгөлзвөөс өөрийн амиараа хамгаалах өргөсөн тангарагтай эр хүн гэж өөрөөрөө омогшиг ээ. Сайхан дурсамж сэргээсэн саан гоёлтой мөрдэс, сайхан нутагтаа удахгүй очих байлдагч чамд баярлалаа. Эр цэрэгтэйдээ л эх орон нь бүтэн байдаг юм гэсэн найрагчийн мөр юутай үнэн.

Эх сурвалж: Хошууч Х.ГАНЗУЛ. "Соёмбо" сонин


Ахархаг, омогшиг, гайхуулаг ээ...  
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй