
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Ажлыг хэсэг болон Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.
Тухайлбал, Эрүүл мэндийн тухай даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Эрүүл мэндийн даатгалын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үлдээх” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэмжээгүй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нар эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгааг дэмжиж байгаа ч Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд хамааруулж байгаа нь тогтолцооны хувьд буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, С.Бямбацогт, З.Нарантуяа, С.Эрдэнэ, Н.Амарзаяа нараас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Хүүхэд харах үйлчилгээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэвээр үлдээх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86,7 хувь нь дэмжлээ.
Мөн энэ үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат. Б.Чойжилсүрэн нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ашигт малтмалын газрын лиценз, газрын наймааг ил тод болгож, татварын орлогыг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа ч газрын лицензээ зарж, борлуулахад төлөх татварын хувь хэмжээ өндөр байгааг анхааруулж байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын зүгээс ашигт малтмалын лиценз, газрын наймаатай холбоотой татвараас зугтаадаг, далд явагддаг худалдааг ил тод болгохыг зорьсон. Одоо мөрдөж байгаа холбогдох хуульд 30 хувь гээд татварын хувь хэмжээг заасан байгаа. Засгийн газрын зүгээс энэ хувь хэмжээг 10 болгох санал гаргавал дэмжихэд бэлэн байна. Энэ асуудалд иргэдийн 0.7 га газрын өмчлөх, эзэмших эрхийг ах дүү, хамаа садандаа бэлэглэх, шилжүүлэх асуудлыг хөндөөгүй. Зөвхөн аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцгойлон анхааруулж байв. Иймд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагасан хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Харин Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчинө гэж үзсэн тул санал хураалт явуулсангүй.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Байнгын хороод болсон Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 1068 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.