Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбартай хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Газраас үүдэн нүүх нь: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, цөлжилт, газрын доройтол, ган гачиг ба орон нутгийн шийдлүүд” сэдэвт салбар хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Уур амьсгалын асуудал эрхэлсэн газрын захирал Раниа Шаршир, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлстийн дарга М.Цогтбаатар нар оролцож, арга хэмжээний зорилго, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.
"Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдаж буй UNCCD COP17-ын зорилттой уялдуулан энэхүү салбар хэлэлцүүлгээр газрын доройтол, цөлжилт, ган гачиг болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хүн амын амьжиргаа, өрхийн орлого, гэр бүлийн сайн сайхан байдал, нийгмийн хамгаалал болон шилжилт хөдөлгөөнд үзүүлж буй нөлөөллийг онцлон авч хэлэлцлээ.
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол, ган гачиг зэрэг байгаль орчны хүчин зүйлс нь малчин өрхийн амьжиргаа, орлого, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж, улмаар хүн амын шилжилт хөдөлгөөний шалтгаан, хэв шинжид өөрчлөлт авчирч байна.
Иймд байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахын зэрэгцээ иргэд, өрх, орон нутгийн сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон олон улсын байгууллага, хүмүүнлэгийн салбар, иргэний нийгэм, орон нутгийн төлөөлөл оролцож, тогтвортой амьжиргааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, шилжилт хөдөлгөөний эрсдэлийг бууруулах, орон нутгийн түвшинд хэрэгжих шийдлийг тодорхойлох чиглэлээр санал, туршлагаа солилцсон юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, ган гачгийн нөлөөллийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний амьжиргаа, нийгмийн хамгаалал, шилжилт хөдөлгөөнтэй харилцан уялдсан асуудал хэмээн авч үзэж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг оролцогчид онцолж байв.
Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн онцлогт тулгуурласан, иргэдийн оролцоотой шийдлийг дэмжих, тогтвортой амьжиргаа болон сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох ач холбогдолтой боллоо гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
| COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.