Шууд Chart

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2017-11-25 12:24:51

УИХ-ын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Г.Тэмүүлэн, нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Санжмятав асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үүний дараа Төсвийн хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Ийнхүү Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль болон Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.


Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй