
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.30) хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс хуулийн төслийг баталснаар ИТХ-ын төлөөлөгчид төрийн захиргааны албан хаагчаар ажиллахтай холбогдуулан Үндсэн хуулд заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчим алдагдах, мэргэжлийн чадвар, туршлагагүй хүн төрийн захиргааны албан тушаал эрхлэх зэрэг сөрөг үр дагавар гарахаар байгаа тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргажээ. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр татгалзсан байна. Мөн тус хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж, төсөлтэй холбоотой зарим зүйлийг тодруулав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.