
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.30) хуралдаанаар үргэлжлүүлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нарын гаргасан горимын саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг хаалттай явуулах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Ийнхүү төслийн хэлэлцүүлэг үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Х.Баделхан, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Нямдорж нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс зарим зүйлийг тодруулсан юм. Арилжааны банкууд охин компани байгуулан хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах 2010 онд оруулсан зохицуулалтыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр тусгаагүй байгаа шалтгааныг тодруулсан юм. Хэлэлцэж буй төсөлд “Банк, түүний хараат болон охин компани энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд …” хэмээн хөндөн, өөрчлөхөөр тусгасан байгааг тайлбарлалаа.
Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох асуудал дээр төв банк ямар байр суурьтай байгааг лавлав. Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх шаардлага байгаа бөгөөд Монголбанк 11 хуулийн төслийг боловсруулсны эхний хоёрыг өргөн мэдүүлээд, хэлэлцүүлж байгааг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Зээлийн хүүг бууруулах талаар нийгэмд олон төрлийн хэлэлцүүлэг өрнөж байгааг Монголбанк ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн тусгайлан судалгааны баг ажиллуулан, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн. Тус баримт бичигтээ зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоохтой холбоотой төв банкны байр суурийг тодорхойлсон байгаа гэлээ. Ийнхүү гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авснаар нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв | ||
Үзсэн: 1871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.