
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.08/ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах болон мөн зүйлийн 23.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрооос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Тухайлбал, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа, байрны эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, сэг, зэм устгал, харвдаргүйтгэл, шилжилт, хөдөлгөөний хяналттай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Мөн мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх, халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах тандалт, шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ авах, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгожээ.
Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, бүтэц, тогтолцоо, байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн хяналтын байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтыг тодорхой болгож заагласан зохицуулалт болон малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг төсөлд шинээр нэмж оруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа | ||
Үзсэн: 2751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.