
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.14/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав.
Төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар итгэмжлэлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах зорилгоор түүнийг шадар сайдын дэргэд ажиллуулах, байгууллагын стандартыг үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуульчилж, хэрэв ийнхүү нийцээгүй бол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглох, төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэх, хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, зарим нэр томьёоны тодорхойлолтыг ойлгомжтой болгох зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Түүнчлэн дээрх нэр бүхий гишүүдээс хуулийн төсөлд “Итгэмжлэл” гэсэн нэр томьёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байгаа тул “Тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон томьёолж, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай гэж өөрчлөх, хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаархи зохицуулалтыг, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурьдах нь зохимжтой гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зөвхөн хуулийн төслийн бүтэц, дараалал, үг хэллэг, найруулгыг засах санал гаргасан нь олонхийн дэмжлэг авсан байна.
Стандартыг сонгон хэрэглэх зарчимд шилжиж байгаа, техникийн зохицуулалтыг Засгийн газар батлах, шаардлагатай тохиолдолд салбарын асуудал эрхэлсэн сайд уг техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх журмыг батлах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслүүдийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг авсан дээрх саналууд дэмжигдсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.