
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом -2017” яруу найргийн наадам өнөөдөр Говь-Алтай аймагт дөнгөж сая эхэллээ. Наадмын салхийг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга хагалав.
Зөвхөн нийслэл хотод болдог байсан энэхүү наадам сүүлийн жилүүдэд орон нутагт ээлжлэн зохиогдож буй бөгөөд энэ жил Монгол Улсын төрийн хошой шагналт, зууны шилдэг роман "Тунгалаг тамир"-ын эзэн Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулж байгаагаараа онцлог юм.
Тодруулбал өнгөрсөн онд Дорнод аймагт болоход Борхүүгийн Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Ч.Ууганбаяр, Д.Гансүрэн, М.Уянсүх нар удаах байруудад орж байсан юм.
Түүний өмнөх жилүүдэд Төв, Архангай, Орхон аймагт болж байв.
Сонирхуулахад “Болор цом” наадам 34 удаа зохиогдоход хамгийн олон удаа Янжинлхамын эгшиглэнт найрагчаар тодорсон хүмүүс бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол нар юм. Тэд тус бүр гурван удаа “Болор цом”-ын эзнээр тодорч байжээ.
Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Цэндийн Чимэддорж “Малчин”, “Элсэн тасархай” шүлгээрээ, Төрийн соёрхолт зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат “Сүү”, “Ижий” шүлгээрээ хүртэж байлаа.
Бүсгүй найрагчдаас соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан, яруу найрагч Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо нар “Болор цом”-ын эзэд болж байсан. Тиймээс ч тэднийг Монголын яруу найргийн “Марал гурван од” хэмээн өргөмжлөх нь бий.
Харин хамгийн олон жил оролцож байж “Болор цом”-тон болсон найрагч бол Дамдинсүрэнгийн Урианхай. Тэрбээр тасралтгүй 19 жил найргийн наадамд оролцож, үзэл бодолдоо үнэнч байснаараа энэхүү наадмын тэргүүн шагналын эзэн болж байжээ. Яруу найргийн наадамд оролцогчдын тоо жилээс жилд өсч, Өвөр Монгол, Хөх нуур мужаас яруу найрагчид шүлгээ ирүүлж шалгаруулалтад оролцдог болсон.
Ийнхүү уншигч танаа өмнөх жилүүдэд тэргүүн байр хүртсэн шүлгийг энэ дашрамд нэхэн сонордуулья.
“Болор цом-34” наадмын тэргүүн шүлэг:
Яруу найрагч Борхүүгийн Батсайхан
ТЭР ЭМЭГТЭЙ
“Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдагт нь дуртай
Халууцсаар очиход минь тосон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг” гэсэн шүлэг байгаа юм.
“Болор цом 33” наадмын тэргүүн байрын шүлэг:
Яруу найрагч Ц.Эрдэнэбаатар
“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа нь олон “соёлын” боол болов ...Ашгүй минь ...
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг .... хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдаа
Тагнай ташсан айргаа таашааж залгихын тулд
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар “СУУРИН ИРГЭНШЛИЙН”
Суваг болгон дээр
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно...
'Болор цом-32' наадмын тэргүүн шүлэг:
Яруу найрагч Б.Мягмаржав
ТЭНГЭРИЙН ТАТАХ ХҮЧ
Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор
Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм
Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр
Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм
Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ
Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг
Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон
Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би
Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар
Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм
Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг
Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм
Эх газрын татах хүчтэй булаалдан байж
Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм
Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан
Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм
Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж
Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь
Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол
Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?
Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн
Хүнү эцэгтэй Монголын үрс билээ, бид
Хөрст дэлхийн татах хүчинд
Хөлөө майга болтол татуулсан ч
Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан
Зоригт өвгөдийн үр сад билээ, бид
Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан
Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан
Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч
Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой
'Болор цом-31' яруу найргийн наадмын тэргүүн шүлэг:
Яруу найрагч Л.Моломжамц
ХЭЗЭЭ БА ХОЖМЫГ ӨГҮҮЛЭХ ЗАНГИРМАЛ ҮГС
Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг
Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг
Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг
Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр- шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам
Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд
Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс
Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж
Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна
Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан
Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм
Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би
Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм
Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч
Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч
Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч
Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм
Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,
Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч
Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар
Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.
“Болор цом-30” наадмын тэргүүн шүлэг:
Яруу найрагч Н.Гантулга
УУЛСЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТИЙГ...
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ алсарч оддог
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...
“Болор цом-29” наадмын тэргүүн шүлэг:
Яруу найрагч Д.Болдхуяг
МОНГОЛ ХЭЛ
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ
“Болор цом” наадам эхэллээ | ||
Үзсэн: 2014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.