Шууд Chart

Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

2018-01-14 07:03:35

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр /2018.01.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов. Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм.



Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, Алдар СХ, БХИС, Увснуур дэвжээний бөх улсын шинэ гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэлээ.

Үндсэн хуулийн 26 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол УИХ-ын дарга М.Энхболд бай шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол УИХ-ын дарга Р.Гончигдорж, мөн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо.


Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаанд Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй