Шууд Chart

Хэнтий аймгийн наадамд морьтойгоо түрүүлсэн Г.Аниахүү арслан

2018-02-07 09:24:50

Хуучны Сэцэнхан аймгийн Бишрэлт бэйсийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Галшар сум хэдийнээсээ хурдан хурц морьдоороо алдартай. Энэ нутгаас тодрон гарч улс даяар алдаршсан хурдан хүлгүүдийн алдар цууг Монгол түмэн андахгүй билээ.

Зөвхөн мориор ч бус энэ нутгаас улс аймагт нэрээ гаргасан олон бөх төрөн гарчээ. Монгол улсын заан Дарамын Наваанлувсан, цуутай цуурхагч “дэлдэн гулиа” хэмээн олноо алдаршсан улсын заан О.Лувсанбалдан, улсын начин Гэндэнсүрэн, улсын их баяр наадамд хоёр удаа дөрөв давсан Дожгоо хэмээгч Л.Гэндэнжамц арслан, аймгийн арслан Л.Хээшиг аймгийн заан Наянтай нар энэ нутгийнх юм. Тэдгээр хүчтэнүүдийн нэг бол Галшар сумын харьяат аймгийн арслан Гэндэнгийн Аниахүү.

1956 оны Хэнтий аймгийн 33 жилийн ойн баяр наадмаар Г.Аниахүү (нутгийнхан Аниа арслан гэж нэрлэдэг) өөрөө барилдан түрүүлж түүний хээр морь нь мөн түрүү магнай болон тодорч наадамч олныг шагшруулан гайхшруулжээ. Тэр цагт Аниахүү нутгийнхаа их уяач Артын мэргэн Бандидын хувилгаан Дамбийнямтай морь уяж ирээд байжээ. Галшарын Артын мэргэн бандид хэмээх Дамбийням гуай 1938 онд их баривчилгаанаас зугатан Өвөр Монгол руу гарч яваад 1945 онд буцаж ирсэн. 1950 иад оны дундуур шоронгоос гарч морь уяж, улсын наадамд ч морьдоо айрагдуулж түрүүлгэж явжээ.

Аниа арсланг түрүүлдэг тэр наадмаар их бяртай, уясан морь нь тэргүүнд гүйх төлөвтэй байгааг ажигласан нутгийн нэг өвгөн түүнд, чи өөрөө шөвгийн дөрөвт бууж өг, хээр морь чинь наадамд түрүүлнэ гэжээ. Гэтэл Аниа, "Төрийн наадамд тоос нь гозойсон хүлэг, хормой нь савласан эр хоёрыг юу ч тогтоодоггүй юм" гэж хэлсэн гэдэг.

Наадмын дараа Аниагийн амжилт, ам алдсаныг сонссон Дамбийням лам түүнд туслахаар шийдэж олон адуу хөөлгөсөн юм гэнэ лээ хэмээн "огтор" гэж олны нэрлэдэг Ц.Балжинням хуучилж байжээ. Аниа арслан сүүжийн айраг гэдэг газар үнэг хөөж яваад мориноосоо унаж сүүжээ хугалсан аж. Хэрэв бандид лам Аниагаар адуу хөөлгөж гай барцдыг хөнгөрүүлээгүй бол амь насанд нь ч цөвтэй байсан байж мэдэх байжээ гэж нутгийнхан ярилцдаг ажээ. Тэр жилээ Аниахүүгийн хурдан хээр морийг аав Бямбын Гэндэн нь Дамбийням гуайд өгчээ.

Артын мэргэн Бандид Дамбийням 1958 оны Хэнтий аймгийн наадамд Аниагийн хээр морийг, мөн өөрийнхөө улсад даагандаа түрүүлсэн бор үрээг, цавьдар даагатай уяж гурван түрүү авч гайхуулж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэнтий аймгийн наадамд морьтойгоо түрүүлсэн Г.Аниахүү арслан  
Үзсэн: 2491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй