Шууд Chart

“Морин хуур-2017” наадмын хоёрдугаар шалгаруулалт энэ бямба гарагт болно

2018-02-07 10:17:31

Монголын хөгжмийн зохиолч, дууны уран бүтээлчдийн жил бүр чих тавин догдлон хүлээдэг наадам бол оны шилдэг дуу, дууны уран бүтээлч шалгаруулах “Морин хуур” наадам билээ.

2017 онд бүтээж тууривсан уран бүтээлээрээ өрсөлдөж буй тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт энэ бямба гарагт Улсын филармонийн их танхимд болно.

Үндэсний хөг эгшиг,  өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмын энэ жилийн эхний шалгаруулалт мэдээж мэргэжлийн уран бүтээлчдийн шүүлт шалгуурын дор дараагийн шатанд оролцох эрхээ олсон.

Тодруулбал, эхний шатанд өрсөлдсөн уран бүтээлчдийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач М.Булган, хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар, соёлын гавьяат зүтгэлтэн,  Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийг гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож,  Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бархас, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн  Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, Үндэсний төв номын сангийн захирал,  МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х.Нарангэрэл, дууны шүлгийн нэрт мастер, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Алтангэрэл нар шүүв.

31 дэх жилдээ эгшиглэж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн гурван төрөлд тунгаасан юм.

Мөн гурван шатны түвшинд уралдуулан дүгнэх уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг.

“Морин хуур-2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг гран при шагналтан хөгжмийн зохиолч энэ сарын 12-нд Соёлын төвд болох гала тоглолтын үеэр тодорно. Мөн тэр үеэр Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцохоор болжээ.

Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, БЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар нар өрсөлдөж байна.

Ийнхүү өнөө жилийн морин хуур наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүдийн нэрсийг танилцуулья.

Нэмж хэлэхэд уран бүтээлчдийн нэрсийг нууцалж, бүтээлүүдийг кодоор бүртгэсэн аж. Ингэснээр ямар нэг хөндлөнгийн нөлөө ороогүй гэдэгт найдаж болно. Түүнчлэн тухайн жилд төрсөн уран бүтээл учир хэдийнээ олны танил болсон дууны нэр ч таарч байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур-2017” наадмын хоёрдугаар шалгаруулалт энэ бямба гарагт болно   
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй