
АНУ-ын Колорада мужийн Брикенриж хотод 28 жилийн өмнөөс уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн цасан баримлын олон улсын тэмцээнд 250 сийлбэрчин баг өрсөлдсөнөөс Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг “Нууц” нэртэй бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Уг тэмцээний шигшээ шалгаруулалтад 16 баг ур чадвар, авьяас, тэвчээр, хурд, нарийн няхуур ажиллагаагаараа өрсөлдсөн байна.
Тус 16 багт Монголоос Ц.Батмөнх ахлагчтай хамт мөн багтаж, олон уран бүтээлчдийн нэрэмжит шагналыг хүртэв. Тэд 2013 онд түрүүлж байсан юм. Манай уран бүтээлчид ДУДС-ийн төгсөгчид. Тэр тусмаа гавьяат сийлбэрчин Г.Цогбаяр багшийн шавь аж.
Колорадо мужийн “Daily Summit” сонины эхний нүүрэнд энэхүү тэмцээн бол урлагийн болон спортын тэмцээний огтлолцол боллоо гэж бичжээ. Учир юу гэвээс маш богино цагт маш нарийн ажиллагаатай бүтээлийг цаг агаарын хүнд нөхцөлд өдөр шөнийг эс харгалзан туурвиж уралдана гэдэг хатуужил, ур чадвар, ухаан, авьяас бүгдийг зэрэг шалгасан шалгуур боллоо гэжээ.
Баг бүрт 25 тонн, урт, өндөр, өргөнөөрөө 3,6 метртэй том дөрвөлжин цасаар 60 цагийн дотор цахилгаан хэрэгсэл ашиглахгүй, дотор нь ямар нэг материал оруулахгүйгээр хамгийн утга төгөлдөр, уран тансаг бүтээл туурвих даалгавар өгчээ.
Зарим багийн ажил шалгаруулалт болохоос өмнө харамсалтайгаар нурж унаж байсан зэргээс харахад давхар нарийн тооцоо, няхуур ажиллагаа шаардсан ажил байсныг гэрчилнэ.
Дэлхийн цас мөсөн баримлын өндөр зэрэглэлийн уралдаанд сүүлийн үед байнга дээгүүр байр эзэлж, энэ салбартаа олон улсад нэгэнт танигдсан манай уран бүтээлчид Монгол хүн гар хүч нийлэн, зүрх сэтгэлээ зориулан ажиллахад дэлхийн хаана ч чадал чансаа, авьяас чадлаараа илүүрхэж болохын жишээг үзүүлж байгаад баяр хүргэж, улам их амжилт хүсье.
Манай улсын багийн бүрэлдэхүүнд Б.Цэдэвдорж, Э.Ууганцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ, Х.Алтанхүү нар багтжээ. Хоёр, гуравдугаар байрыг БНХАУ, АНУ-ын уран бүтээлчид эзэлжээ.
Монголын сийлбэрчид олон улсын тэмцээнд түрүүлжээ | ||
Үзсэн: 1376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.