
Монголын үндэсний музейд “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Үндэсний музей тодорхой сэдвийн дагуу өөрийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүдээсээ дэлгэдэг уламжлалтай.
Энэ удаа цагаан сар болох гэж буйтай холбогдуулан Үндэсний музейд хадгалагдаж буй сав суулгаар үзэсгэлэн дэлгэлээ. Үүнд шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн 1980-аад онд хамрагдах 180 үзмэр дэлгэгджээ.
Нээлтийн үеэр Монголын Үндэнсий музейн захирал Д.Сүхбаатар “Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болох гэж буйтай холбогдуулан “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнг нээж байна. Үзэсгэлэнд нийт 180 гаруй шилмэл үзмэр багтаж, олон нийтэд анх удаагаа дэлгэгдэж байна. Сав суулга нь хүний ахуйн хэрэглээнд чухал ач холбогдолтой. Бид түүхийн хувьд Чулуун зэсгийн үеэс хойших үеийг хамарсан сав суулга, Түрэгийн үеийн алтан сав суулга, ваар, арьс ширээр хийсэн сав зэргээр ангилж байгаад хамгийн шилдэг үзмэрүүдээсээ 180-ыг сонгон олон нийтэд үзүүлж байна. Онцлон дурдвал Ноён уулаас олсон Хүннүгийн үеийн ваар эртний үед хамрагдана. Мөн цагаан сартай холбогдуулан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч Ю.Дэдэнбал нарын хэрэглэж байсан мөнгөн аягыг дэлгэж байна” гэсэн юм.
Сонирхуулахад, Монголын үндэсний музейн нийт үзмэрийн 15 хувийг ваар, сав суулга эзэлдэг аж. Сонирхсон хүн үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.
“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 2489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.