Шууд Chart

“Морин хуур-2017” наадмын гала тоглолт өнөөдөр болно

2018-02-12 10:24:42

“Морин хуур-2017” оны шилдэг дуу тодруулах наадмын гала тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.

Монголын хөгжмийн зохиолч, дууны уран бүтээлчдийн жил бүр чих тавин догдлон хүлээдэг наадам бол энэ билээ.

Үндэсний хөг эгшиг,  өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмын энэ жилийн эхний шалгаруулалт мэдээж мэргэжлийн уран бүтээлчдийн шүүлт шалгуурын дор дараагийн шатанд оролцох эрхээ олсон юм.

Өнөөдрийн тоглолтод “Аавдаа би хайртай”, “Амьдрал” киноны дуу, “Хүн та”, “Хар зүрхний хөх нуур”, “Эх орон ээж минь”, “Баатар хайрхан”, “Бор толгод”, “Нар зөв Монгол”, “Зоргол нүдэн”, “Аав тандаа”, “Чи өөрөө”, “Дагина”, “Чамд чам шиг дурлахсан”, “Заяагаа холбосон эх орон”, “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” гэсэн 15 бүтээл оролцохоор шалгарчээ.

31 дэх жилдээ эгшиглэж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн гурван төрөлд тунгаасан юм.

Мөн гурван шатны түвшинд уралдуулан дүгнэх уг наадамд оролцож буй чансаатай, мэргэжлийн түвшинд бичигдсэн бүтээлүүдээс чанар, хийц, агуулгаараа онцгойлон тодорсон бүтээлийг алдаршуулдаг.

Мөн тэр үеэр Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд улаан хивсний ёслолд оролцохоор болжээ.

Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар өрсөлдөж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур-2017” наадмын гала тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй