
XVII жарны Нөхөрсөг шар нохой жилийн Сар шинийн баярыг угтаж Стокхольм хотын монгол хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан болсон байна.
Анхдугаар тэмцээнд нийт 17 хүүхэд тойргийн журмаар барилдаж хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос 13-18 насны ангилалд нэгдүгээр байрт сурагч Д.Гантулга, Г.Тэмүүлэн нар орж алтан медалийн эзэн болсон бол хоёрдугаар байрт сурагч Е.Төгөлдөр, гуравт Э.Магалжав шалгарчээ. Харин 8-12 насны ангилалд сурагч Б.Угтах-Ирээдүй алт, сурагч М.Шинэ-Оргил мөнгө, А.Саруул хүрэл медалийн эзэн болов. Уран барилдааны шагналыг сурагч Б.Өсөх-Ирээдүй, Б.Болдсайхан нарт гардуулсан байна.
Энэ тэмцээнийг жил бүр "Төгс билэгт" төвийн нэрэмжит болгон явуулах аж. Цаашид энэ тэмцээнд Европын холбооны орнуудад амьдарч буй монгол хүүхдүүдийг хамруулж, бүсийн тэмцээн зохион байгуулах, Монгол бахархал болсон үндэсний бөхөө сурталчлан таниулахад хувь нэмэртэй гэж зохион байгуулагчид нь онцолж байна.
Өсвөр үеийнхнийг зөв монгол хүүхэд болон төлөвшихөд нь дэмжин туслах зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн монгол хэл бичгээс гадна жүдо, үндэсний бөхийн спортоор хичээллэх дур сонирхолтой хүүхэд залуучуудыг сургалтад хамруулж эхэлжээ.
Сургалтыг дасгалжуулагч мэргэжилтэй, магистр багш Б.Хүдэрчулуун удирдан явуулж буй юм байна. Стокхольм хотод болсон өсвөр насны хүүхдүүдийн Үндэсний бөхийн анхдугаар тэмцээний талаарх мэдээллийг манай сурвалжлагч Р.Хишиг-Алдар ирүүллээ.
Стокхольм хот дахь монгол хүүхдүүд үндэсний бөхөөр барилдав | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.