
БНСУ-д үргэлжилж буй өвлийн олимпийн наадамд одоогийн байдлаар 27 улс ямар нэгэн байдлаар медаль аваад байна.
Казахстан, Латви, Лихтенштейн гэсэн улсууд тус бүр нэг хүрэл медаль хүртсэн бол Испани хоёр хүрэл, Финлянд гурван хүрэл медальтайгаар хүснэгтийн 23-25 дугаар байрт бичигдэж байна.
Тэдний дээр медалийн чанараар нэг мөнгөн медальтайгаар Словени улс, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар Австрали улс явж байгаа юм.
Харин манай хойд хөрш ОХУ-ын тамирчид гурван мөнгө, найман хүрэл медальтай яваа бол өмнөд хөрш маань таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай хүснэгтэд 19 дүгээр байранд явна.
Чех, Словак, Беларус, Их Британи, Польш, Украйн гэсэн улсууд тус бүр нэг алтан медаль хүртсэн бөгөөд медалийн хүснэгтэд мөнгө хүрэл медалийн зөрүүгээр дээр доороо орж байна.
Япон, Швейцарь, Итали тус бүр хоёр алтан медальтай 10-12 дугаар байранд бичигдэж байгаа бөгөөд тэдний дээр талбайн эзэд болох БНСУ гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл маедальтайгаар бичигдэж байгаа юм.
Японы хувьд нэг алтан медаль авахад байрлал ахих боломжтой харагдаж байна. Учир нь тэд мөнгө болон хүрэл медалийн тоогоороо БНСУ-аас илүү олон байгаа юм.
Швед нийт долоон медалийнх нь дөрөв нь алт, гурав нь мөнгөн медаль учраас адилхан дөрвөн алттай ч, хоёр мөнгөн медальтай Австри, Францын дээр эрэмбэлэгдэж байна. Австри, Францын тамирчдын медалийн тоо чанарын хувьд яг адилхан дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай байгаа.
Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй уг наадамд оролцож буй АНУ таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тавдугаар байранд явж байна.
Тэдний дээр зургаан алттай хоёр улс байгаа юм. Уг хоёр улсыг гүйцэх боломж тэдэнд байна. Канад, Нидерланд улсууд тус бүр зургаан алт, хоёр хүрэл медальтай боловч мөнгөн медаль нь хоёрын зөрүүтэйгээр Канад гуравдугаарт буюу дээр нь бичигдлээ.
Германы шигшээ баг 10 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл нийт 20 медальтайгаар 11 алт, есөн мөнгө, найман хүрэл медальтай Норвеги улсыг нэхэж явна.
Норвегийн тамирчин Симен Хегстад Крүгер нийт хоёр алт, нэг мөнгө нийт 3 медалийг уг олимпийн наадмаас хүртсэнээр олон медальтнуудыг тэргүүлж байгаа бол Германы биатлонч бүсгүй Лаура Далмаиер мөн хоёр алт, нэг мөнгөн медальтай зуузай холбож байна.
Харин тэдний араас тус бүр хоёр алтан медальтай долоон тамирчин байгаагаас Германы гурван тамирчин байгаа нь онцлууштай. Мөн Норвегийн хоёр тамирчин нийт дөрвөн алтан медалийг эх орондоо авч очихоор болоод байна.
Нийт 37 тамирчин ямар нэгэн байдлаар хоёр буюу түүнээс дээш медалийг хүртээд буй.
Норвегийн тамирчид одоогоор 11 алт, есөн мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.