Шууд Chart

Л.Нинжжамц: Эрүүл үндэстэн, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлнэ

2018-03-05 18:35:26

МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд, олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, нар үг хэлж нээсэн юм.

Энэ үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох нарын сэтгэгдлийг сонссон юм. 

Л.Нинжжамц: Эрүүл үндэстэн, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлнэ

-Спортоор дамжуулан эрүүл чийрэг үндэстнийг бий болгох зорилгоор энэхүү сувгийг нээж байна. Мөн шинэ залуу үе, ард түмнээ эрүүл чийрэг бие бялдрын хөгжилд уриалах, спортоор дамжуулан үндэсний болон тив, дэлхийн аваргыг төрүүлэх зорилготой. Залуус спортоор хичээллэдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа.

Бид өдөрт 18-24 цагийн эфир дамжуулахаар төлөвлөсөн. Мөн спортын цэнгээнт нэвтрүүлгүүдэд онцгой анхаарна. Хамгийн эхэнд хийх том контент бол ОХУ-д болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд  дамжуулна. Мөн Токиогийн олимпийг дамжуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна эр зоригийн шалгуур “Монгол Нинжа дайчид” гэх шоуг хийхээр албан ёсны эрхээ аваад байгаа. Түүнчлэн “Ред Булл”-ын экстрим спортын бүх контентыг авсан. Энэхүү сувгийг нээхэд спортын холбоод болон УИХ, Засгийн газар маш сайн дэмжлэг үзүүллээ. Спортын суваг нээлтээ хийж буй энэ цаг мөчид МҮОНРТ-ийн спортын албанд ажиллаж байсан инженер, техникч, уран бүтээлчид, төрийн албаныхандаа баярлалаа. Бид аль болох хамгийн шилдэг гэсэн бүхнийг үзэгчдэд хүргэхийн төлөө хичээх болно.

Спортыг хөгжүүлэх хэвшил нь дараах хоёр үндсэн үе шатаас эхэлнэ гэж боддог. Тодруулбал эрүүл аж төрөх, эрүүл үндэстэн.

Шинэ ирээдүйн төлөө, спортоор дамжуулж эрүүл аж төрөх ёс, амьдарлын хэв маягийг өөрчлөх зорилготой. “MNB” өндөр түвшний спортын контентыг үнэ төлбөргүй. Мөн Монголчуудыг спортод дуртай болгох, спортоор дамжуулж ёс суртахууны боловсрол олгоход гол зорилгоо болгож байна.  

Олон спортын холбоог дэмжиж хөгжилд нь хувь нэмэрээ ч оруулж байна. Телевизийн мэдээгээр үзэгчдэд хүрдэг спортын мэдээ маш богино хугацаанд гардаг. Тиймээс Монголын дотоодын спортыг хөгжүүлэх, бөх боксоос гадна гимнастик, таеквондо зэрэг олон төрлийн спортыг хөгжүүлэх гол шалтгаан болно.

Эрүүл үндэстэн гэдэг нь эрүүл аж төрөх ёс, залуучуудын хөгжлийн төлөвшилд зориулж хангалттай цаг гаргахгүй байгаа тул спорт суваг нээж байна. Спортод зориулж хангалттай цаг гаргаагүй учир хүүхэд, залуучуудын амьдарлын хэв маягт муу зуршилсан болох хар тамхи, архи, утаат тамхи зэрэгт автаж байна.

Нийслэл, орон нутгийн хаана нь тэмцээн болж байна вэ, тэр бүхнийг үзэгчдэд хүргэнэ. Зөвхөн том спортын төрөл төдийгүй Монголд хөгжиж буй бүх спортыг дэмжинэ.

Э.Бадар-Ууган: Спортын хөгжилд “MNB Sport” суваг онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна

-Юуны өмнө спортын төрөлжсөн сувагтай болсон МҮОНРТ-ийн хамт олон болон спортынхон бидэнтэйгээ үргэлж хамтран ажилладаг “Чандмань” студийнхээ хамт олонд МҮОХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Та бүхэн чадлаа. Бид ийм сувагтай болохыг олон жил хүссэн. Цаашид илүү сайн ажиллаж, спортоор цангасан залуусын цангааг тайлаарай. Монголын спортын хөгжилд, тэр тусмаа ирээдүйн шилдэг тамирчдыг төрүүлэн гаргахад танай суваг онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Ч.Насантогтох: Олон сайхан спортын тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд хүргэх болов уу

-Юун түрүүнд баяр хүргэе. Бидэнтэй үргэлж ойр ажилласаар ирсэн “Чандмань” студийнхээ дүү нар болон МҮОНРТ-ийн үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчдад баяр хүргэе. Бид энэ телевизийнхэнтэй олон талаараа холбогдсон. Тэр ч утгаараа энэхүү спортын сувгийг дэмжиж ажиллах ёстой юм.

“MNB sport” сувгийн үйл ажиллагааг сайжруулахад спорт сонирхогч хүн бүр санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаасай. Цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье. Олон сайхан спортын тэмцээн уралдааныг мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд хүргэнэ гэдэгт найдаж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Нинжжамц: Эрүүл үндэстэн, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлнэ   
Үзсэн: 2801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй