Шууд Chart

Паралимпийн наадмын нээлт өнөөдөр болно

2018-03-09 09:30:58

БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр өвлийн XII паралимпийн наадмын нээлт болно. Пёнчан хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21:00-ээс эхэлнэ.

Энэ удаагийн наадам 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 49 улсын 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон шинээр анх удаа багтсан сноубордын төрлүүдэд өрсөлдөх юм.

Спортын зургаан төрөлд нийт 50 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд медалийн эхний эзэд маргааш гүйлтийн цана, биатлоны төрөлд тодорно.

Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд оролцоно. Тэрбээр  2017 онд ХБНГУ-ын Финстрау хотоо зохиогдсон ДАШТ-д есдүгээр байр эзэлж, энэхүү олимпт өрсөлдөх эрхтэй болсон юм.

Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-д 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорино.

Олимпийн тамирчдын хотхонд байрлаад байгаа Монгол Улсын багийн төрийн далбаа мандуулах арга хэмжээ өнгөрөгч лхагва гарагт болсон бөгөөд багийн ахлагч Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагч Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж болон эмч Ш.Болормаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар оролцож, наадмын үеэр бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн байна.

Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Паралимпийн наадмын нээлт өнөөдөр болно  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй