
УДБЭТ-ын хамт олон 55 дахь тоглолтын улиралдаа ихээхэн ач холбогдол өгч, онцлон ажиллаж байна. Энэ сард онцлох тоглолтуудын нэг бол Камелийн цэцэгт хадагтай зохиолоос сэдэвлэн бүтээсэн Ж.Верди “Травиата” дуурь юм. 160 гаруй жилийн түүхтэй уг бүтээл Монголын тайзнаа анх 1977 оны дөрөвдүгээр сарын 09-нд тавигдаж, өдгөө 41 дэх жилтэйгээ золгож байна.
Монголын хамгийн анхны эмэгтэй найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор дөнгөж төгсч ирээд Монгол хэлээр найруулан тавьсан бөгөөд удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллажээ.
2000 онд найруулагч Ё.Цэрэндолгор Итали хэлээр шинэчлэн тавьж, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар удирдсан юм. 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Ху Вон дахин шинэчлэн найруулж, тайз, хувцасыг дахин шинэчилсэн бөгөөд тайзны зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажилласан байдаг.
2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд УДБЭТ-ын тайзнаа тоглогдох Ж.Верди “Травиата” дуурийн гол дүрүүд болох Виолеттад гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Альфредод Б.Батжаргал, Жермонд гавьяат жүжигчин Э.Амартүвшин нар дуулна.
Гоцлол дуучин Э.Амартүвшин нь 2018 оны гуравдугаар сарын 11-нд Москва хотноо “Большой” театрын тайзан дээр зохион байгуулагсдан дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчдийн оролцдог олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн "Браво” ёслолд уригдан Евро Азийн 15 улсын сонгодог урлагийн мэргэжлийн уран бүтээлчдээс шалгаран шилдэг "Браво” шагналын эзнээр тодорсон билээ. Тэрбээр хүндэт “Браво” шагналын эзэн болсоноосоо хойш анх удаа УДБЭТ-ын тайзнаа Ж.Верди “Травиата” дууриар сонгодог урлагийн үзэгчидтэйгээ уулзах гэж байна.
Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 12-21-ний хооронд Итали Улсын Режио ди Парма хотын театрт италийн нэрт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг хил хязгааргүй талын Монголын дуучин дэлхий даяар сонгодог дуурийг гайхамшигтайгаар дуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг эзэгнэлээ.
Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны “Мөнгөн” шагнал, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдэгийн шилдэг дуурийн дуучний шагналт, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт гээд түүний гавьяа шагналыг дурьдаад баршгүй. Түүнийг дуурийн эх орон Итали Улс даяар дуурийн “Маэстро” хэмээж байна.
Түүнийг дуурийн эх орон Итали Улс даяар дуурийн “Маэстро” хэмээж байна | ||
Үзсэн: 3236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.