Шууд Chart

“Цэвэр агаар” төслийн нягтлан Хуланг мөнгө зувчуулсан хэргээр баривчиллаа

2013-07-02 16:55:34

Сүүлийн үед улсын мөнгө их хэмжээгээр шамшигдуулсан хэргээр МИАТ, ҮТЕГ-ын албан тушаалтнууд ээлж дараалан шалгагдаж, хуулийн хариуцлага хүлээгээд байгаа. Яг энэ цаг үетэй зэрэгцэн бас нэгэн мөнгө шамшигдуулсан хэрэг сөхөгдөж байна.

Монгол Улсын Засгийн газрын тусгай сан, Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслийн нягтлан н.Хуланг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь гэрээс нь баривчилжээ. Lexus 570 машин хөлөглөж, нийслэл хотоос 225 км-ийн зайд орших Дархан-Уул аймгаас ажилдаа ирж, очдог гэх Хуланг баттай бус мэдээгээр “Цэвэр агаар” сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа шамшигдуулсан хэргээр баривчлан 461-р хорих ангид хорижээ.
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын сангаас 47,2 сая долларын өртөгтэй, гурван жилийн хугацаанд хэрэгжих төслийг эхлүүлээд өдгөө гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
 
 Анх “Цэвэр агаар” төсөл гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй сууц, зуух, сайжруулсан бүрээс, гонх ашиглах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулна хэмээн үйл ажиллагааныхаа үндсэн чиг баримтлалыг тогтоож, энэ чиглэлээрээ ажлаа явуулж эхэлсэн.
 
Энэ ажлынхаа хүрээнд МСS-ийн охин компани болох Сэлэнгэ констракшн компанид утаагүй зуух нийлүүлэх тендер олгосноор үр дүнд нь цөөнгүй айлууд дэлбэрэлтэд өртсөн. Үндсэндээ, дэлбэрдэг, утаатай зуух, Хятад зулхайгаар хийсэн гэрийн дулаалга зэргээс хэтрээгүй “Цэвэр агаар” төслөөс өнгөрсөн жил мэдээллийн сайтуудаар сурталчилгааны ажил хийлгэсэн гэх нэрээр 1 тэрбум төгрөг гараад явчихсан байдаг ч хэнд очсон нь тодорхойгүй гэлцэх албан бус мэдээлэл ч байна.
 
Угтаа бол “Цэвэр агаар” төсөл нурж, агаарын бохирдол хэвээрээ үлдэх ба  хэдэн албан тушаалтан төслийн мөнгө завшсанаар өндөрлөх нь тодорхой болж байна. Бас нэгэн баттай бус мэдээ сөхвөл Хулан гэгч нь “Цэвэр агаар” санд анх байгуулагдсан цагаас нь ажиллаж байгаад халагдаж, эргээд ажилдаа орохдоо 100 сая төгрөгийн авлига өгч байсан гэнэ. Зарим эх сурвалж түүнийг ЦЕГ-ын дарга асан Сандаг-Очир генералын хүн учраас Цэвэр агаар санд түлхээсээр орсон гэх аж.
 
Эцэст нь “Цэвэр агаар” төслийн мөнгө чухам хаашаа урсан ороод, хэрхэн үрэгдсэн нь ажилдаа ирж очихын тулд өдөрт 70 литр шатахуун буюу 120 гаруй мянган төгрөг зарцуулдаг тус төслийн нягтлан Хулангийн мэдүүлгээс тодорхой болох нь.
 

“Цэвэр агаар” төслийн нягтлан Хуланг мөнгө зувчуулсан хэргээр баривчиллаа  
Үзсэн: 2189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй