Шууд Chart

Хаврын гран при-д 70 даамчин оюун ухаанаа уралдуулав

2018-04-17 16:56:45

“Шашки” сэтгүүлийн бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит хаврын гран при тэмцээн “Шавь” цогцолбор сургуульд боллоо.

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт 70 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд үүний дотор ОУИМ цолтон дөрөв, ДДХМ найм, спортын мастер 21, дэд мастер 15 байсан юм.

Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Б.Мөнхжин 15 оноогоор тэргүүллээ. Тэрбээр эхний өрөгтөө спортын мастер Э.Хүслэнд хожигдсон ч зургаа дараалан ялж, улмаар сүүлийн тавилдаа гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийг хожсон юм.
2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдийн ангилалд анхны тэмцээндээ түрүүлж байгаа нь энэ аж.

Тэмцээнийг тэргүүлж явсан Ц.Отгонбилэгийг сүүлийн тавилд хожсон ДДХМ Ц.Сүхбат 14 оноогоор удаалав. Ижилхэн 13 оноотой таван тоглогчоос коэффициентийн зөрүүгээр ДДХМ Ц.Отгонбилэг, ОУИМ Р.Манлай, ДДХМ М.Шийравжамц нар шагналт байранд шалгарлаа.    

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ДДХМ Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Б.Анужин, Э.Хүслэн, ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх, С.Таня, охидын ангилалд спортын мастер Н.Налжормаа, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Пүрэвбаатар нар тэргүүллээ. Тусгай шагналыг Өмнөговь аймгийн өсвөрийн даамчин, дэд мастер Н.Лхагвадолгорт олгосон байна.

Тус тэмцээн нь Монголын даамын холбооноос зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны гурав дахь тэмцээн ажээ. Тэмцээнийг Л.Цэрэнбямба агсны том хүү, спортын мастер Ц.Эрдэмбилэг захиралтай “Энгүүмэл билэг” ХХК ивээн тэтгэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хаврын гран при-д 70 даамчин оюун ухаанаа уралдуулав  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй