Шууд Chart

Монголын цаначид “Максимаха-2018” олон улсын марафон уралдаанаас зургаан медаль хүртлээ

2018-04-24 12:16:35

ОХУ-ын Буриад улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Максимаха олон улсын марафон уралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Байгаль нуурын мөсөн дээр болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд оролцсон Монголын цаначид марафон уралдаанд зургаан медаль хүртэж спринт уралдаанд шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Максимаха 2018 цанын олон улсын марафон уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаас 31 тамирчин долоон дасгалжуулагч албаны гээд нийт 53 хүн зорин очлоо.

Тэмцээний эхний өдөр спринт зайд өсвөр насны ангилалд 1.5 км-ийн зайд Б.Өсөхбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн спринт зайд ОУХМ А.Энхтуул шагналт тавдугаар байрт шалгарсан юм.

Энэ тэмцээнд цанын үндэсний шигшээ багаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ С.Дүүрэнбаяр, Спортын мастер Э.Ариунзул, ОУХМ А.Энхтуул нараас гадна цанын спортын шилдгүүд нас насны ангилалд хурд хүчээ сорин уралдсан юм.

Тэмцээний хоёр дахь өдөр тамирчин хүнээс хамгийн хүнд хэцүү тэсвэр тэвчээр шаардаж ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлдэг марафон уралдаан 50, 30, 20, 10 км-ийн зайд явагдсан. Цанын олон улсын марафон уралдаанд Герман, Тайланд, ОХУ-ын Буриад улс, Монгол, ОХУ-ын Чита, Красноярск, Ирктутск, Улаан-Үд, Эрхүү зэрэг муж хотуудаас 300 гаруй тамирчин өрсөлдсөн. Энэ өдөр марафон уралдааны эмэгтэйчүүдийн 30 км-ийн зайд ОУХМ Э.Ариунтунгалаг алтан медаль, спортын мастер Э.Ариунзул мөнгөн медаль, А.Энхтуул хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдсан спортын мастер А.Билгүүн алтан медаль, марафон уралдааны 20 км-ийн зайд уралдсан спортын мастер Д.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр энэ удаагийн тэмцээнээс Монголын цаначид 6 медаль, шагналт 5-р байр нэг тамирчин хүртсэн амжилттай оролцлоо.

“Максимаха-2018” цанын марафон уралдаан энэ жилийн хувьд олон улсын тамирчдыг хамруулсан харилцан туршлага солилцсон өрсөлдөөнтэй ихтэй болж өндөрлөлөө. Манай улсаас энэ тэмцээнд 2015 оноос оролцож эхэлсэн. Энэ жилийн тэмцээнд Төв, Орхон, Булган, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгаас гадна нийслэлийн цаначид Байгаль нуурыг зорин очиж цанын олон улсын марафон уралдаанд хурд хүч, бэлтгэл сургуулилтаа сорин өрсөлдлөө.

“Максимаха” цанын олон улсын марафон уралдаан 10 гаруй жилийн түүхтэй. Байгал нуур руу түрэн тогтсон “Максимаха” уулын нэрээр энэхүү цанын уралдааныг нэрлэн ОХУ-ын Буриад улсаас зохион байгуулж жил бүр олон тамирчдыг хамруулан өргөн хүрээтэй зохион байгуулдаг юм. “Максимаха” цанын олон улсын марафон уралдаан Байгал нуурын мөсөн дээр явагддагаараа онцлогтой.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын цаначид “Максимаха-2018” олон улсын марафон уралдаанаас зургаан медаль хүртлээ  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй