
БНХАУ-ын Ханжөү-Шаошин-Нинбө чиглэлийн яг одоо барьж буй хурдны авто замыг Хятадын хамгийн анхны супер хурдтай авто зам болгоно гэж Жэжян мужийн Зам тээврийн газраас мэдээллээ.
Энэхүү автозамыг 161 км урттай, хоёр урсгалтай зургаан эгнээтэй, хурдны хязгаар нь 120 км/цаг байхаар төлөвлөж байна.
2022 онд Ханжөү хотод болох Азийн спортын наадмаас өмнө ашиглалтад оруулах гэнэ. Замд олон төрлийн дэвшилтэт технологийг ашиглах ба ухаалаг, хурдтай, эко, аюулгүй гэсэн дөрвөн хүчин зүйлийг хангаж ажиллах юм.
Супер авто зам нь юуны түрүүнд ухаалаг байх ёстой, замын сүлжээгээр хэмжилт, сэрэмжлүүлгийн систем ажиллуулах бөгөөд “Хүн, машин, зам” гурвын харилцан мэдрэх системийг бүтээнэ гэж албаныхан онцлов.
Өдгөө Жэжян мужид ашиглаж буй дээрхтэй адил авто замын бодит дундаж хурд 90 км/цаг байгаа нь төлөвлөж байгаагаас хол зөрүүтэй үзүүлэлт юм. Ухаалаг систем, авто машины хяналт зэрэг аргаар супер авто замаар зорчих машины хурд их хэмжээгээр дээшилж, ойрын үед хурдыг 20-30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна.
Алсын зорилтын тухайд бол супер авто замыг үүлэн системтэй уялдуулснаар авто машин, авто зам хоёрын харилцан үйлдлийг хэрэгжүүлж, автомат жолоодлогийг дэмжих боломжтой болох юм.
Байршлыг өндөр нарийвчлалтай тогтоож, авто машин авто замын харилцан үйлдэл, жолоочгүйгээр удирдах системийг хэрэгжүүлсэнээр “авто осолгүй” замыг бий болгох боломж нээгдэнэ.
Өдгөө Хятадын шинэ эрчим хүч ашигладаг авто машин хурдан хөгжиж байна. 2017 онд авто машины зах зээлд 777 мянган шинэ эрчим хүч хэрэглэдэг машин борлуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 53 хувь өссөн үзүүлэлт болсон юм.
Энэ нь цэнэглэх цэг байгуулах зэрэгт илүү өндөр шаардлага тавьсан.
Супер авто замын ойрын зорилт нь замын гадаргуугаар дамжуулан нарны эрчим хүч ашиглан цахилгаан үйлдвэрлэх, цахилгаан цэнэглэх шон байгуулан цахилгаан мотортой авто машинд үйлчлэх зэрэг болно. Ирээдүйд хөдөлгөөнт хэлбэрийн утасгүй цэнэглэх технологи ашиглаж автомашинаа барингаа цэнэглэн зорчих боломжийг нээнэ.
“Супер автозамын шинэ технологи, шинэ материал эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд үлгэрлэн хуулбарлаж бүтээх болно” гэж Жэжян мужийн Зам тээврийн газрын орлогч дарга Рэньжүн илэрхийллээ.
Супер авто замын эхний ээлжийн барилгын ажил энэ онд эхлэх юм.
Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин
БНХАУ супер хурдтай анхны автозамаа барина | ||
Үзсэн: 1981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.