
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтэд “УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 2 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “иргэн шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй байна хэмээн тус дүгнэлтэд дурджээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн О.Батнасан нар оролцсон байна. Тус дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас зарим зүйлийг тодрууллаа. Мөн тэрбээр “Уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна. Бид хуулийн энэ хийдлийг засаж таарна, харин процессийн талаар ойлголцох шаардлага үүсэх нь. Тиймд ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Ингээд Үндэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор тус бүр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 1006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.