Шууд Chart

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

2018-06-07 12:42:18

 Дараа нь 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гишүүн Н.Учралын  өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан. 

    Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэсэн 24.6 дахь хэсгийг нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж нэгтгэн өөрчилж найруулахаар Төсвийн байнгын хороо шийдвэрлэжээ. Үүний хамт “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар тодрууллаа. Улсын төсвийн орлого нь хуулиар тогтоосны дагуу татварын болон татварын бус орлогоос бүрддэг, мөн зээл тусламжийн дүнг нэгтгэн улсын төсөв бүрдэж байгааг УИХ-ын гишүүн Ч. Улаан хэлээд “Холбогдох хуулиудыг шат шатандаа чанд мөрдөн ажиллавал төсвийн орлого, зарлагын хяналт үр дүнтэй байх бололцоо бий” гэв. Стандарт, норм, нормативыг баримтлах агуулга бүхий өөрчлөлт хуульд орж байгаа нь зөв зүйтэй хэдий ч зураг төслийн талаарх стандарт, төсвийнх нь талаарх норм, нормативын талаарх баримт бичгүүд бий эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн асуусан. Бүхий л салбарт норм, норматив, стандартыг шинэчлэх шаардлага бий, иймд цаг үеийн шаардлага, нөхцөлд тохируулан зарлага, зардал, зарцуулалтын стандарт, норм, нормативыг өөрчлөн шинэчлэх үүргийг тодорхой салбаруудад үүрэг болгож байгаа аж. Хуулийн төсөл батлагдвал салбарууд зарлага, зардал, зарцуулалтын стандарт, норм, нормативын баримт бичгээ цэгцлэх, үүний дараа эдгээрт тулгуурлан боловсруулснаар улсын төсвийн үндэслэл сайжрах томоохон ахиц дэвшил гарна хэмээн үзэж буйг тайлбарлав. Ийнхүү хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжин, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. 


Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа   
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй