Шууд Chart

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

2018-06-13 15:59:49

Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн  мэдээллийг сонслоо. Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ талаар мэдээлэл хийсэн юм.  

    Улсын Их Хурлын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар захирамжаар “Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий” ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  1. Ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн шийдвэрээр төслийн сэдэв тус бүрт хамаарах төслийг боловсруулах үүрэг бүхий 5 ажлын дэд хэсэг байгуулж, дэд хэсгүүд Зөвлөлдөх санал асуулгын үр дүнд дүн шинжилгээ, дүгнэлт хийж, гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, 5 бүлэг асуудлаар нийт 22 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хувилбарыг боловсруулж, 2017 оны 05 сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын даргад танилцуулжээ.
  2. Улсын Их Хурлын даргад танилцуулсан 22 заалт бүхий төслийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангасан. Тухайлбал,Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, мэдээлэл, лавлагааны албанаас хийсэн 86 харьцуулсан судалгаанаас төслийн зүйл, заалт бүр холбогдох судалгааг түүвэрлэн эмхэтгэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар”-ыг боловсруулан боть хэлбэрээр хэвлүүлсний зэрэгцээ холбогдох сургалт, хэлэлцүүлгийн материалыг боловсруулан сургагч багш нарыг бэлтгэжээ.

 

  1. 2017 оны 7-10 дугаар сарын хугацаанд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 327,375 иргэнээс 5,584.832 саналыг хүлээн авсан байна.
  2. Иргэдээс ирүүлсэн саналд ангилал, дүн шинжилгээ хийж, хамгийн өндөр давтамжтай гарсан иргэдийн саналд үндэслэн төслийг дахин боловсруулжээ. Мөн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх дэгийн асуудал, цагалбар, төлөвлөгөө, ажлын болон дэд хэсгийн ажил, үүргийн хуваарь, хэлэлцүүлгийн шалгах хуудсыг боловсруулж, хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж ажилласан байна. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төслийн үр нөлөөний үнэлгээг төслийн зорилт тус бүрээр үнэлэн 100 хуудас тайлан боловсруулжээ.
  3. Ажлын хэсэг төслийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэгт танилцуулж, бүлгийн хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг үндэслэн 7 чиглэл (зорилго)-ээр 28 заалт бүхий төслийг дахин боловсруулжээ. Ингэхдээ 28 заалтаас 11 заалтыг тус бүр гурван хувилбартайгаар боловсруулсан байна.
  4. Ажлын хэсэг төслийг 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр МАН-ын бүлэгт дахин танилцуулж, эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах ажлын дэд хэсэг”-ийг байгуулсан бөгөөд 04 сарын 30-наас 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллан 53 заалт бүхий төслийн хувилбарыг санал болгожээ. Үүний зэрэгцээ МАН-ын бүлгийн гишүүдээс бүрдсэн дэд хэсгүүд байгуулан  төслийн холбогдох зүйлүүд дээр ажиллан, саналаа нэгтгэж, Ардын Их Хурлын депутат, УБХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томьёоллыг бэлтгэх, үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг” байгуулж, төслийн томьёолол дээр ажилласан байна. Тус ажлын дэд хэсэг 18 удаагийн хуралдаанаар төслийн хувилбарууд дээр ажиллаж, 12 удаагийн засварласан хувилбар бэлтгэж гаргажээ.
  5. Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн АН-ын бүлэгт 7 чиглэлээрх 40 заалт бүхий төслийг танилцуулж, АН-ын бүлгээс гарсан санал, зөвлөмжийг судлан ажиллаж 7 чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулсан байна.

     Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийт, улс төрийн намын бүлгүүд, эрдэмтэн, судлаачдад танилцуулан хэлэлцүүлж, тэдгээрээс гаргасан саналуудад дүн шинжилгээ, холбогдох судалгааг хийж, төсөлд оруулах шаардлагатай өөрчлөлтийг тухай бүрт нь тусгаж, олон нийтэд ойлгомжтой, энгийн хувилбараар болон хууль зүйн техникт оруулсан хувилбарыг тус тус боловсруулаад байгаа.

     Одоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу холбогдох 7 байгууллагад төслийг хүргүүлж, саналыг нь авахаар ажиллаж байна.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуульд заасны дагуу 7 байгууллагаас саналыг нь хүлээн авсны дараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулийн комисс” байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байгааг Ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ дурдлаа.

      Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар Ажлын хэсгийн ахлагч болон хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй