Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

2018-06-14 15:05:37

 Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.14) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад хувийн 57.9 ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлуудаа тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо танилцуулсан юм.   

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, мөн зүйлийн 31.4 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцжээ.

     Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад “төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан;”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.”, 73.4 дэх хэсэгт “...Төлбөр авагч татгалзсан бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж үзжээ.

      Энэ үндсэн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

     Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Учрал нар санал хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн оролцсон гишүүдийн 70.5 хувь нь цэцийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжив. Мэн энэ талаарх тогтоолын төслийг гишүүдийн 71 хувийн саналаар баталлаа.


Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй