
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаарЗасгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, Ч.Хүрэлбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан.
Төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг төсөлд тусгажээ. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасч тооцох зарчмыг тусгажээ. Түүнчлэн байнгын оршин суугч албан татвар төлөгчийн тодорхойлолтыг боловсронгуй болгож, татварын хувь хэмжээ хоорондоо уялдаагүй байсныг уялдуулж, хуулийн хэрэгжилтийг үр ашигтай болгох зохицуулалтуудыг тусгасан байна.Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг О.Батнасан гишүүн танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Н.Учрал, Н.Тэмүүлэн Ж.Батзандан нар асуулт асууж, ажлын хэсэг болон Сангийн сайдаас тайлбар авлаа. Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж буйтай холбогдуулан гишүүд санал хэллээ.
Тухайлбал, Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-аас байгуулагдсан төвлөрлийг сааруулах зорилгоор эрх зүйн орчныг судлан, сайжруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнтэй татварын бодлогоо нягт уялдуулах ёстой бөгөөд төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хорооны ажлын хэсэгт дээрх УИХ-ын ажлын хэсгийн гишүүдийг оролцуулах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Л.Энх-Амгалан гишүүн дундаж давхаргыг тэлэх асуудлыг бодлогын түвшинд анхаарах ёстой бөгөөд үүнд татварын бодлого чухал ач холбогдолтой. Иймд эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр дээрх бодлоготой уялдуулах асуудлыг тооцох ёстой гэв. Мөн тэрбээр хүн амын орлогын албан татварын хэмжээг бүсчлэн тогтоох, нийслэлээс зай нь алсрах хэрээр татвар нь багасдаг байх зохицуулалтыг шигтгэх нь оновчтой гэдэг саналыг хэлж байв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн шатанд анхаарах, өөрчлөх зүйлүүд хэд хэд байгааг хэлж байв.
Мөн Монгол Улс бол татварын ачааллаар дундаж үзүүлэлттэй тооцогддог бөгөөд хувь хүний орлогын албан татвар нь эдийн засагт оруулж буй үр нөлөөгөөрөө 4 дүгээрт буюу нийт татварын 10 орчим хувийг бүрдүүлдэг гэдгийг тайлбарлалаа. Тэр дундаа орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд энэ төрлийн татвар чухал, тиймээс орон нутагт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн энэ төрлийн эрх, үүргийг хангуулахад онцгой ачч холбогдол бүхий зохицуулалтуудыг тусгах нь зүйтэй гэв. Ингээд төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ингэхдээ шаардлагатай бол Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороодоор хэлэлцүүлэх, ажлын хэсэг байгуулахдаа гишүүдийн саналыг харгалзах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 1433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.