
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитоор дэмжсэн зохицуулалтууд, бэлэглэлийн татварын талаар тодруулж Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Үндэсний аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжихээр боловсруулж эхэлсэн хуулийн төслүүд дэх зохицуулалт танилцуулгатайгаа нийцэхгүй байгаа талаар гишүүд шүүмжилж УИХ-ын гишүүн М.Билэгт, Ж.Ганбаатар, Н.Тэмүүлэн, Н.Оюундарь, Ч.Улаан, Н.Ганболд нар дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын эрх зүйн орчны шинэчлэлийг хийх хугацаа болсон, шаардлагатай бол гишүүдийн хэлж буй шүүмжлэлийг анхаарч, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийх боломжтойг хэлээд ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахаас өмнө татварын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг сануулж байлаа. Ийнхүү гишүүд тодруулга хийж, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзснээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай УИХ батлагдав.
“Төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа | ||
Үзсэн: 1037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.