Шууд Chart

Алан хядагчид америк иргэдийг барьцаалсан мэдээлэл АНУ-ын БХЯ-нд байхгүй

2018-10-19 13:47:20

Сирийн Дейр эз-Зор мужид алан хядагчид америк иргэдийг олзолж барьцаалсан тухай мэдээлэл АНУ-ын Батлан хамгаалах яаманд байхгүй байна. “Олон тооны хүн барьцаанд байгаа тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ярьсныг нотлох мэдээлэл бидэнд байхгүй. Тиймээс уг мэдээлэл үнэн бодитой гэдэгт бид эргэлзэж байна” гэж Пентагоны төлөөлөгч Шон Робертсон ярьсныг РИА “Новости” агентлаг уламжилсан байна.

Сирийн Дейр эз-Зор мужийн Хажин сууринд “Исламын улс” бүлгийн дайтагчид Европын орнуудын болон өөр бусад улсын иргэдийг барьцаалаад байгаа тухай Оросын цэрэг-батлан хамгаалахын эх сурвалж өмнө нь мэдээлсэн. Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр энэ тухайд “130 гэр бүл буюу 700-гаад хүн алан хядагчдын барьцаанд байгаа. Алан хядагчид тодорхой тулган шаардлагууд тавьсан. Шаардлагуудыг нь биелүүлэхгүй бол өдөр болгон 10 хүнийг хорооно гэж сүрдүүлснээ хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнийг би гамшиг, сүйрэл гэж үзэж байна. Үүнийг яаж шийдэх вэ. Энэ талаар манай хамтран зүтгэгчид яагаад чимээгүй байна вэ. Бидэнд байгаа мэдээллээр бол АНУ болон Европын орнуудын хэд хэдэн иргэн ч бас барьцааны хүмүүсийн дунд байгаа” гэж ярьсан юм.

Үүнээс гадна Владимир Путин Сири дэх Евфрат мөрний зүүн эрэг буюу АНУ-ын дэмжлэгээр санхүүждэг босогчдын хяналт дахь бүс нутагт “Исламын улс” бүлэглэл идэвхжиж байгааг дурдсан байна. ОХУ-ын төрийн тэргүүн өчигдөр Сочи хотод олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын чуулганд оролцох үеэрээ энэ тухай мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Алан хядагчид америк иргэдийг барьцаалсан мэдээлэл АНУ-ын БХЯ-нд байхгүй  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй