Шууд Chart

Михаил Горбачев: Бага болон дунд тусгалын пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарахыг эрмэлзэж байгаа нь алдаа

2018-10-22 16:07:29

Бага болон дунд тусгалын пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарахыг эрмэлзэж байгаа нь алдаа гэж ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев мэдэгдлээ.

“Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрээр “цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц”-ийг чухалчилдаг хүн бүрийг энэ гэрээг хамгаалж үлдэхийн төлөө тэмцэхэд уриалсан байна.

Түүнчлэн Германы нэлээд олон төрийн түшээ болон улстөрч түүнтэй адил байр суурьтай байна. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хайко Маас Бага болон дунд тусгалтай пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарахаар санаархаж байгаа нь “харамсал төрүүлж байна” гээд “болзошгүй үр дагавруудыг нь бодолцож үзэхийг” АНУ-д ятгах болно гэдгээ амлажээ.

Энэхүү гэрээтэй холбоотой асуудлыг өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нарын уулзалтаар хэлэлцэж магадгүй. Болтон өчигдөр Москвад хүрэлцэн очсон юм.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дунд болон бага тусгалын пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээнээс улс нь гарахаар болсныг, ОХУ уг гэрээний заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй гэдгээс өөр дэлгэрэнгүй тайлбар хэлээгүй юм.

1987 онд АНУ болон ЗХУ-ын хооронд байгуулсан Бага болон дунд тусгалын пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд 500-5000 км-ийн зайд тусах хүчин чадал бүхий баллистик болон далавчит пуужингуудыг турших, хадгалах, үйлдвэрлэхийг хориглож, ийм төрлийн нэгэнт бий болсон пуужин болон харвах төхөөрөмжүүдийг устгахаар заасан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Михаил Горбачев: Бага болон дунд тусгалын пуужингийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс АНУ гарахыг эрмэлзэж байгаа нь алдаа   
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй