Шууд Chart

Иракийн шинэ Ерөнхий сайд тангараг өргөлөө

2018-10-25 12:46:34

Иракийн шинэ Засгийн газар байгуулагдаж, Ерөнхий сайд нь тангаргаа өргөлөө. Гэхдээ хууль тогтоогчдын зүгээс шинэ Засгийн газрын гол чухал асуудал эрхэлсэн сайдуудын томилгооны асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Тиймээс Иракийн шинэ Засгийн газар 14 сайдтайгаар байгуулагдлаа.

Тодроогүй сайдуудын тоонд Дотоод хэргийн болон Батлан хамгаалахын сайд гэх мэт 8 сайдын суудал багтаж буй юм байна. Ирэх сарын 2-ны дотор томилох хуулийн хугацаатай байна.

Гэхдээ парламент 11 дүгээр сарын 6-нд дахин хуралдаж, үлдсэн сайд нарыг томилно гэж Иракийн парламентийн дарга Мохамед Аль-Халбоси мэдэгджээ.

Харин шинэ Ерөнхий сайд Адиль Абдул-Махди-ийн хувьд өмнө нь Иракийн газрын тосны сайд байсан. Түүнийг өнгөрөгч есдүгээр сард сонгогдсон шинэ Ерөнхийлөгч Бархам Салих нэр дэвшүүлж, Ерөнхий сайд болгосон юм. 76 настай, эдийн засагч мэргэжилтэй Иракийн шинэ Ерөнхий сайд Абдул-Махди одоо ус, эрчим хүчний хомсдлоос гарч, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх гэх мэтээр хөл үймээнд дарагдсан улс орноо сэргээн байгуулах хүндхэн сорилттой нүүр тулж байна.

"Исламын улс" бүлэглэлтэй байлдаж ялалт байгуулсан энэ улс өнгөрөгч тавдугаар сард парламентийн сонгуулиа зохион байгуулсан. Гэвч улс төрийн аль бүлэг нь олонх болохыг шийдэж чадалгүй цаг алдсан шинэ парламентийн гишүүд өнгөрөгч есдүгээр сард даргаа, мөн шинэ Ерөнхийлөгчөө сонгож, Ерөнхийлөгчийн нэрлэсний дагуу энэ лхагва гарагт шинэ Ерөнхий сайдаа томилж Засгийн газраа байгууллаа. 

Нийтэлсэн: Mонголын радио

Иракийн шинэ Ерөнхий сайд тангараг өргөлөө   
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй