
Германд Холбооны Гессен мужийн парламентын сонгуулиар эрх баригч эвсэлд багтдаг хоёр намын байр суурь суларлаа. Урьдчилсан мэдээгээр Христосын ардчилсан Холбоо нам 27 хувийн санал аваад байгаа бол Социал демократ нам 20 орчим хувийн саналтай байна.
Одоогоос таван жилийн өмнө болж байсан Ландтагийн өмнөх сонгуульд энэ хоёр нам тус бүр 38 болон 31 хувийн санал авч байжээ. Одоогоос хоёр жилийн өмнө Бавари мужийн сонгуульд Христос нийгмийн холбоо үнэмлэхүй олонхийн байр сууриа алдаж, харин Социал демократууд 10 ч хүрэхгүй хувийн санал авч байсан юм. Ийнхүү сүүлийн хоёр долоо хоногийн дотор Германд эрх баригч хоёр нам хоёр ч томоохон ялагдал хүлээлээ.
Үүнээс өмнө Гессен мужид Христосын ардчилагч Фолькер Буффье “ногоонтнууд”-тай эвсэн засаг барьж байсан юм. Харин сая ногоонтны намынхан таван жилийн өмнөх амжилтаа бараг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Гэхдээ санал тооллого үргэлжилж байгаа юм.
Гэлээ ч Гессений парламентад Христосын ардчилсан холбоо, Социал демократ нам болон ногоонтнуудаас гадна өөр гурван нам орж ирж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна. Урьдчилсан мэдээгээр, Зүүний намын посткоммунист үзэлтнүүд зургаан хувийн санал аваад байгаа бол Чөлөөт ардчилсан намын либералууд 8 хувь, “Германы альтернатив” хэмээх намын популистууд анх удаа таван хувийн босгыг давж 13 орчим хувийн санал авсан байдалтай явж байна.
Гессен мужийн парламентын сонгуулиар эрх баригч эвсэлд багтдаг 2 намын байр суурь суларлаа | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.