
АНУ Ираны газрын тосны экспортод шинэ хориг тавих гэж байгаатай холбоотойгоор Иран улс Засгийн газартаа өөрчлөлт хийж, Эдийн засаг сангийн асуудал эрхэлсэн шинэ сайдаа томиллоо.
Ирэх 11 дүгээр сарын 4-нөөс хэрэгжих АНУ-ын шинэ хориг арга хэмжээний өмнө Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханий улс орных нь эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд зэрэг нийт дөрвөн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Харин өнгөрөгч бямба гарагт Ираны парламент дутуу дөрвөн сайдыг сэлгэж, нөхөн томилохоор санал хураалт явуулсан байна.
Үүнд, Ираны Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдаас гадна үйлдвэрлэл, хөдөлмөр, замын асуудал хариуцсан шинэ сайд нарыг парламент дэмжиж, Ираны Ерөнхийлөгч баталжээ.
Энэ санал хураалтын үеэр АНУ-тай маргаантай байгаа асуудлаараа Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани “Вашингтон Тегерантай сөргөлдөөд холбоотнууддаа хаягдаж байна” гэж парламентад хэлсэн байна.
Ираны цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарласан АНУ, өнгөрөгч наймдугаар сард Ираны валютын арилжаа, металл, авто салбарт хориг шахалт тавьсан. Үүнийг нь Европын улсууд эсэргүүцэн Ираны эдийн засагт дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээ авах гэж байгааг хэвлэлүүд бичиж байна.
Энэ талаар эх сурвалжууд Ираны экспортын төлбөрийг хөнгөвчлөх Европын холбооны шинэ механизм 11 дүгээр сарын 4-нд АНУ-ын шинэ хориг шахалт хэрэгжиж эхлэх үеэр хүчин төгөлдөр болох ёстой гэж ярьсныг "Ройтерс" уламжилж байна.
Ираны эдийн засаг өнгөрсөн жилээс эрс буурч ажилгүйдэл нэмэгдэн тус улсын мөнгөн тэмдэгт риалын ханш 70 хувиар унаад байна.
Хасан Роухани: Вашингтон Тегерантай сөргөлдөөд холбоотнууддаа хаягдаж байна | ||
Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.