
Сирийн асуудлаар дөрвөн талт уулзалт Туркийн нийслэл Станбул хотод болсон ч талууд энэ асуудлаар байр сууриа хамгаалсан байна. Өнгөрөгч бямба гарагт болсон энэ хуралд Сирийн хямралыг шийдвэрлэх нөлөө бүхий Орос, Герман, Турк, Франц улсын төрийн тэргүүн өмнө илэрхийлж байсан байр сууринаасаа өөр нааштай зүйл хэлээгүй байна.
Харин Сирид шинэ үндсэн хууль байгуулах хороог энэ оны сүүлчээр хуралдуулахыг уриалжээ. Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно гэж сэтгүүлчдэд хэлсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Сирийн Идлиб мужид сөргөлдөөнгүй бүс байгуулах гэрээг Турк бүрэн биелүүлж байгаа. Гэхдээ энэ үйл явц хялбар биш байна” гэсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган "Сирийн үндсэн хуулийг бичих хороо он солигдохоос өмнө хуралдана" гэж найдаж байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ.
Энэ оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Сирийн асуудлаарх хурлаар талууд Сирийн үндсэн хуулийг шинээр бичих 150 хүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулахаар тохиролцсон. Энэ хорооны 30 хувийг Сирийн Засгийн газар, мөн 30 хувийг босогчдын талаас, үлдсэн 30 хувийг НҮБ-аас төлөөлөл болгохоор болсон юм.
Харин Оросын шинжлэх ухааны академийн ахлах судлаач Борис Долговын хэлснээр Идлибт сөргөлдөөнгүй бүс байгуулах Москва, Анкарагийн гэрээ хэрэгжихгүй тохиолдолд Оросын талаас Сирийн Засгийн газрын цэргүүдэд тусална гэдгээ баталсан бол Франц босогчдын талд дэмжлэг үзүүлэхээ батлан мэдэгдэхийн хажуугаар Сири дэх Курдуудын эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх байр сууриа Турк дахин илэрхийлсэн байна.
Энэ үеэр Германы канцлер Ангела Меркель Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцрох ёстой гэсэн шаардлагаа дахин тавиагүй ч түүний байр суурь өмнөхөөс өөрчлөгдөөгүй гэж ярьж байна.
Үндсэндээ энэ удаагийн уулзалтаар талууд өмнө барьж байсан байр сууриа дахин илэрхийллээ гэж шинжээч тайлбарлаж байна. Тиймээс цаашид “Сирийн нөхцөл байдал Идлиб мужид сөргөлдөөнгүй бүс байгуулах ОХУ, Туркийн гэрээ хэлцлийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх эсэхээс хамаарахаар байна гэж Оросын шинжлэх ухааны академийн ахлах судлаач Борис Долговын хэлснийг "Тасс" агентлаг уламжилж байна.
Үүнээс гадна "Сирийн асуудлаарх яриа хэлэлцээнд Ираны талыг оролцуулж, цар хүрээг нь өргөжүүлэх хэрэгтэй” гэсэн тайлбарыг шинжээч ярьж байна.
Сирийн асуудлаар 4 талт уулзалт боллоо | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.