Шууд Chart

Жамаль Хашоггийг хулгайлах төлөвлөгөөг Британийн Тагнуулын албаныхан мэдэж байжээ

2018-10-29 17:01:36

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг хулгайлах төлөвлөгөөг Британийн Тагнуулын албаныхан мэдэж байжээ. Улмаар тус ажиллагааг явуулах нь баттай болонгуут Саудын түншүүддээ энэ санаагаа орхихыг зөвлөсөн боловч хүлээж аваагүй байна.

Британийн “Дэйли экспресс” сонин эх сурвалжуудаас иш татан ийм мэдээлэл нийтэлсэн байна. Энд бичсэнээр Хашоггийг хулгайлах тушаалыг Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн нэг хүн өгсөн. Гэхдээ тэр талаар тус улсын угсаа залгах хунтайж Мухаммед Бен Салман мэдэж байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Түүнчлэн Саудын Араб улс Йеменд химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг сэтгүүлч Хашогги ил болгох санаатай байсан гэж сэтгүүлчийн ойрын эх сурвалж ярьсан байна. Сэтгүүлч алга болохоос гурван долоо хоногийн өмнө түүнийг хулгайлж болзошгүй гэдгийг Британийн нууц тагнуулын “Ми6” албаныхан мэдсэн байжээ.

Улмаар аравдугаар сарын 1-нд Саудын Арабын Гадаад тагнуулын албаны хэсэг ажилтан Стамбулд буусныг мэдсэн даруйдаа Британийн нууц албаныхан ажиллагаагаа цуцлахыг тэднээс хүссэн боловч тэд энэ хүсэлтийг нь хайхарч хүлээж аваагүй юм байна. Үүний зэрэгцээ Британийн шинжээч Том Уилсон Хашогги сэтгүүлчийн хуурмаг дүр төрхийн цаана ил харагдаж байгаагаас илүү олон зүйл нуугдаж байгаа гэдэг байр суурь илэрхийлсэн байна.

Хашогги “Саудын Арабын эрх баригчдад ойр хүн” байсны зэрэгцээ улсынхаа Тагнуулын албаны өмнөх даргын “итгэлт хүн” байсан. Түүнчлэн Хашогги “Лалын ахан дүүс” хэмээх исламын хэт үзэлт байгууллагын гишүүн, бас “Аль-Кайда” бүлгийн толгойлогч Усама бен Ладентай дотно нөхөрлөж явсны дээр түүний Афганистанд өрнүүлсэн “ариун дайн” гээчийг дэмждэгээ илэрхийлж байсан удаатайг тэр шинжээч сануулжээ. "Тиймээс түүнийг зөвхөн эрх баригчдаа шүүмжилдэг сэтгүүлч байсныхаа төлөө хөнөөгдсөн гэхэд үнэмшилгүй. Үнэн байдал үүнээс хавьгүй ээдрээтэй" гэж Уилсон шинжээч үзэж байна.

Жамаль Хашогги сэтгүүлч аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Стамбул хот дах Саудын Арабын Консулын газар орсноосоо хойш сураггүй болсон. Үүнээс хойш бүтэн 18 хоногийн дараа л Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг тус консулын газрын байранд амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жамаль Хашоггийг хулгайлах төлөвлөгөөг Британийн Тагнуулын албаныхан мэдэж байжээ  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй