Шууд Chart

"Эрхийн төлөө тэмцэгчдийн дэлхийн форум" болж байна

2018-10-30 13:08:35

Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны тухай НҮБ-ын тунхаг батлагдсаны 20 жил, Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 70 жилийн ойд зориулсан "Эрхийн төлөө тэмцэгчдийн дэлхийн форум" Парис хотод болж байна. 

Өчигдөр эхэлсэн тус чуулга уулзалтад дэлхийн олон орноос хүний эрхийн төлөө тэмцэгч 150 гаруй хүн оролцож байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах НҮБ-ын тунхаг батлагдаад энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байгаа юм.

“Фронт лайн дефендерс” олон улсын байгууллагын зохицуулагч Мария Шищенкова сүүлийн 20 жилийн хугацаанд хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал гутранги харагдаж байгааг хэллээ.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Мишель Бачелет хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах тунхаг, эсвэл Хүний эрхийн түгээмэл тунхагийг хэрвээ өнөөдөр баталж гарын үсэг зурах шаардлагатай байсан бол эдгээр баримт бичиг батлагдахгүй байсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрбээр "Өнөөдөр дэлхий дээр эрхийн төлөө хөдөлгөөн асар олон болсон. Урьд өмнө бол төсөөлөхөөргүй олон идэвхтэн зарим улсад ажиллаж байна"  гэж тэмдэглээд олон оронд, түүний дотор өмнө тийм ч идэвхтэй байгаагүй Европын орнуудад ч эрхийн төлөөх тэмцэл өрнөж байгааг онцолсон байна.

Үүний зэрэгцээ зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрхийн төлөө тэмцэгч 312 хүн амиа алдсан нь 2015 онд тохиолдсоноос хоёр дахин их тоо болж байна. Мөн эдгээр гэмт хэрэг болгоны цаана гэм буруутнууд нь ял шийтгэлгүй үлдэж байна гэж “Эмнести интернэшнл”-ийн албан мэдээлэлд өгүүлсэн байна.

Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд 20 жилийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг төрөл бүрийн эрхийг хамгаалах байгууллагууд, түүний дотор Хүний эрхийн төлөө олон улсын холбоо, "Эмнести интернэшнл", "Фронт лайн дефендерс", “Хил хязгааргүй сэтгүүлчид” болон бусад байгууллага хамтран зохион байгуулж байгааг Францын олон улсын радио мэдээллээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

"Эрхийн төлөө тэмцэгчдийн дэлхийн форум" болж байна   
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй